Сошиал орчин буюу нийгмийн мэдээллийн сүлжээг хүний өдөр тутмын амьдралаас салгаж бодоход бэрх болжээ.

Манай улсад интернэт хэрэглэж буй 2,9 сая хүн байгаа гэнэ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 15-60 насны 10 хүн тутмын 8 нь ямар нэг байдлаар нийгмийн сүлжээ(social media) ашиглаж байна гэсэн судалгаа  гаргасан аж. 

Иймд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулах зорилгоор ХБНГУ-ын Дойче Bелле академийн дэмжлэгтэйгээр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн Хүрээлэн, Гэрэлт цамхаг сан ТББ хамтран #mil4edu нийгмийн сүлжээний кампанит ажлыг хэрэгжүүлсэн юм.

Хэдийгээр нийгмийн сүлжээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ харилцаа холбоотой байх, мэдээллээ солилцох, харилцан суралцах гээд эерэг нөлөөтэй ч үүнээс дутуугүй асуудлыг үүсгэж буй. Өөрөөр бол сошиал орчин хэрэгтэй, хэрэггүй мэдээллийг цуглуулсан томоос том  “хогийн сав”юм. 

Заримдаа хүмүүс олон мэдээлэл дунд төөрөлдөж эсвэл нэгэн хэвийн мэдээлэл уншсаар "мэдээллийн бөмбөлөг"-т ордог ажээ. 


Мэдээллийн бөмбөлөг гэж юу вэ?

Нэгэн хэвийн мэдээллүүдийг  хүлээн авахыг "мэдээллийн бөмбөлөг" гэж нэрлэх болжээ. Нийгмийн сүлжээний платформууд нь хэрэглэгчидтэй ахин дахин холбогдохын тулд тэдэнд таалагдах магадлалтай агуулгыг хүргэдэг. Та өөрийн фэйсбүүкээр зөвхөн нэг л сэдвийн хүрээнд л мэдээлэл авдаг байж болох юм. 

Жишээлбэл та нэг дуучны тухай мэдээ уншаад лайк дарлаа гэж бодъё. Үүний дараа танд тэр дуучинтай холбоо бүхий мэдээллүүд ар араасаа гарч ирэх болно. Гэв ч энэ нь нийгэм даяар шуугиан үүсгэж, тренд болсон юм биш. Фэйсбүүкийн алгоримтын дагуу зөвхөн таны найзуудын лайк дарсан эсвэл шэйр хийсэн мэдээллийг харуулж байгаа юм.  Таны өмнө лайк дарсан мэдээлэлтэй ойролцоо агуулга бүхий зүйлсийг л харуулдаг гэсэн үг. Ингэхдээ  #hashtag ашигласнаар илүү үр дүнтэй болдог аж.

Харин хүмүүс энэ үйлдлийг тэр бүр мэддэггүй учраас өөрийн мэдээллийн хүрээлэлдээ "түгжигдэх" нь элбэг гэнэ.  Тиймээс ямар нэг таагүй мэдээлэл, нийтлэл олж харсан бол хариу үйлдэл үзүүлэхгүй алгасах нь энэ мэт мэдээллийн бөмбөлөгт өртөхгүй байх боломж юм. 

Нийгмийн сүлжээнд  олны анхаарлыг татах гэсэн санаатай хуурамч мэдээлэл, эсвэл хэн нэгний буруу ойлгосон тайлбар, бүр тодорхой ашиг сонирхлын үүднээс зориуд түгээсэн хуурамч мэдээллүүд олон. 

Иймд хүмүүст мэдээллийн эх сурвалжийг нягталдаг, эргэцүүлэн бодож байж ашигладаг дадал суулгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нэн тэргүүнд шаардагдаж байгаа юм.

Тиймээс хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулах үүднээс ХБНГУ-ын Дойче Bелле академийн дэмжлэгээр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн Хүрээлэн, Гэрэлт цамхаг сан ТББ хамтран #mil4edu нийгмийн сүлжээний кампанит ажлыг хэрэгжүүлж байгаа юм.


Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол 

Мэдээллийн боловсрол гэдэг заавал сургуульд заалгаж байж сурах юм биш. Уг ойлголтод шаардлагатай мэдээллийг олж авах, мэдээллийн хэрэгсэл ашиглах соёл, өөрийн үзэл бодлыг бүрдүүлэх, цахим ертөнцөд ажиллаж сурах, хувийн нууцаа хадгалах чадвартай байх зэргийг хамааруулж болох юм. Харин эдгээр чадвар нь хүний өдөр тутмын үйлдлүүд, дадал дээр суурьлан бий болдог. 

Энгийнээр тайлбарлахад мэдээллийн боловсролд мэдээллийг олж авах,  шүүн тунгаах, бүтээх гэсэн 3 талаас үзэж болох юм.


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн мэдээллийн сүлжээг (social media) ялгадаг байх 

Мэдээ, мэдээллийг зөвхөн сэтгүүл зүй бүтээхээ больсон. Ардчилсан нийгэмд хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй. Үүний адил мэдээлэл хүлээж авах, түүнийгээ хуваалцах боломж ч бий. Тиймдээ ч  мэдээллийн хэрэгслүүдийн талаар ойлголттой болох, үүнийгээ ашиглан хэрэгцээтэй мэдээллээ хайж, олж авах аргыг суралцах нь зүйтэй. 

Сэтгүүл зүйн аливаа мэдээлэл ихэвчлэн эх сурвалжаа баталгаажуулсан мэдээлэл хүргэхийн зэрэгцээ санамсаргүй алдаа гаргасан тохиолдолд эргэн холбогдож буруугаа залруулдаг. Харин нийгмийн сүлжээнд  дурын хүн, хүссэн мэдээллээ хүргэдэг нь баталгаатай байж чаддаггүй. Үүнийг ялгаж чадаагүй тохиолдолд хуурамч мэдээлэлд өртөх нь их.




Хүн бүрд нийгмийн сүлжээнд хүссэн зүйлээ нийтлэх, өөрийн мэдээллээ хуваалцаж, олон нийтийг дагуулах боломж бий. Гэвч интернэтэд байршуулсан мэдээлэл алга болох боломжгүй. Хэн нэгний нийтлэснээ ч мартсан зураг, бичлэг, постуудыг өнөөдөр ч сэргээж болно.  Тиймээс бүх төрлийн мэдээллийг ёс зүйтэйгээр бүтээх нь өөрийн цахим аюулгүй байдлаа хангах эхлэл.  


 Нийгмийн сүлжээ дэх ихэнх мэдээлэл шуугиан дэгдээх зорилготой

Мэдээллийн худал үнэнийг тогтоолгүй бусадтай хуваалцах нь хуурамч мэдээллийн тархалтын хүрээг тэлж сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг. 

Хүмүүс өдөрт дунджаар 10 мянга орчим мэдээлэл авдаг гэх судалгаа гарчээ. Мэдээлэл бүр ямар нэг санаа, зорилгыг агуулсан байдаг. Тиймээс уншсан мэдээллийнхээ зорилгыг олж хардаг байх нь чухал.  

Зарим мэдээлэл буруу ойлголтоос үүдэн санамсаргүй алдаа гаргасан байж болох ч нийгмийн сүлжээнд байгаа мэдээллийн ихэнх нь санаатай шуугиан дэгдээх, хандалтаа нэмэгдүүлэх зорилго агуулж байна. Зорилгодоо хүрэхийн тулд үйл явдлын шуугиантай хэсгээр гарчиглах, эвлүүлсэн зураг ашиглах гэх мэтээр хүмүүсийн анхаарлыг татдаг байна. 


Хүмүүсийг төөрөгдүүлж, хандалтаа нэмэгдүүлсэн нэг жишээг хуваалцъя.

Саяхан “Хотоос холгүй цэвэр агаарт, маш хөөрхөн загвартай, хямд зуслангийн байшин барих захиалга авч байна” гэх зарыг фейсбүүк дээрээс харлаа. Зураг төсөл нь маш сайн зохион байгуулалт, шийдэлтэй, цэвэрхэн, чанартайн дээр үнэ хямд байлаа. Урьдчилгаагүй, боломжийн үнэтэй, сард багахан хэмжээний хураамж төлөөд зээлээр авах боломжтой гэх мэт хэрийн хүний сонирхол татам мэдээлэл байв.  Тэр хэрээрээ хандалт маш өндөр, лайк дарж, хуваалцсан тохиолдолд дэлгэрэнгүй мэдээллийг явуулж байгаа гэсэн байв. Гэхдээ сэтгэгдэлүүдийг уншихаар холбогдох утсаа яагаад ч өгөхгүй байна гэж хүмүүс дургүйцсэн байлаа.  Хамгийн сонирхолтой нь хэд хоногийн дараахан танил маань шинэхэн зуслангийн байшингийн төсөл эхлүүлж байгаа, тэр нь ч амжилттай, захиалга ихтэй байгаагаа дурдав. Сонирхоод фейсбүүк хуудсыг нь үзтэл өмнө нь харсан болоод явчихлаа шүү. Яах аргагүй танилын маань хийсэн зураг төсөл, барьсан байшингийнх нь зургийг ашиглаад зогсохгүй, дээрээс нь like, share хийсэн тохиолдолд мэдээлэл явуулна гэх бүдэг бадаг мэдээлэлтэй нийтэлсэн болж таарав.  Танил маань өөрөө ч мэдээгүй байв. Төсөл нь маш боломжийн учир олон хүнд хүрэхдээ хурдан, түгээлт өндөр байсан юм. Аюултай нь хуурамч мэдээлэл түгээж буй нийтлэл нь үнийн дүнг хоёр дахин буюу бүр хэн ч итгэмээргүй үнэ тавьж нийтийн сонирхлыг татсан ба хүмүүс тэр дүнгээр нь урьдчилгаа төлбөр шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байсан.                                                                                                                                                                                                          T.Амартунгалаг, HippoCards - Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер