Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илтгэл танилцуулсан бөгөөд Усны салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн байгаа ч анхаарах олон асуудал бий. Усны асуудал зөвхөн БОАЖЯ-ны асуудал биш учир бүх яам агентлагын хамтын ажиллагаа чухал.

Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл байдлын үзэл баримтлалд зааснаар цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхыг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог  хангахад анхаарч буйгаа дурдлаа.Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” хэлэлцүүлэгийн хүрээнд Монгол орны усны асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмж гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар болов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гарах зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах юм.