Кино урлагийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг Оскарын наадмыг 2023 онд Америкийн телевизийн хөтлөгч, комедиан, зохиолч Жимми Киммел хөтлөхөөр болжээ. 

Тэрбээр өмнө нь 2017, 2018 онуудад Оскарыг хөтөлж байсан туршлагатай нэгэн билээ.


Энэхүү холливудын хамгийн нэр хүндтэй фестивалийг хэн хөтлөх нь жил бүр олны дунд хүлээлт үүсгэдэг асуулт юм. 

Ялангуяа өнгөрсөн жилийн Оскарын наадмыг хөтөлсөн комедиан Крис Рокыг жүжигчин Вилл Смит алгадсан нь дэлхий нийтэд шуугиан дэгдээсэн. Энэ явдлын дараа Оскарын наадмын зохион байгуулагчид Крис Рокыг 2023 оны наадмыг дахин хөтлөх санал тавьсан ч тэрбээр татгалзсан юм. 

Уг явдлын дараа ирэх жилийн наадмыг хэн хөтлөх нь тодорхойгүй байсан ч ийнхүү Жимми Киммел хөтлөгчийн үүргийг гардан авчээ.

Тэрбээр  энэ тухайд “Оскарын наадмыг гурав дахь удаагаа хөтлөх нь нэр төрийн хэрэг юм. Гэхдээ намайг занганд оруулж байгаа хэрэг ч байж мэднэ. Ямартай ч Оскарыг хөтлөх саналаас хүн бүр татгалзсаны дараа надад санал тавьсанд талархалтай байна” хэмээн хошигнон хэлжээ.

Харин наадмыг зохион байгуулагч талаас гүйцэтгэх продюсер, шоуны хөтлөгч Гленн Вайсс, Рики Киршнер нар “Жимми тайзан дээр гараад хөгжилдөж, хүмүүсийг инээлгэж чаддаг залуу. Мөн тэрээр ямар ч нөхцөл байдалд бэлэн байж чадна" гэжээ.