Хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн этгээдийн виз мэдүүлэх эрхийг хаана

peak.mn
05 сарын 10, 2018

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна.

Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн статистик бий. Гэвч виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг байна.

Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг хэлэхдээ "Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлж өгдөг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэлээд ихсэж байгаатай холбогдуулан НДЕГ болон ЦЕГ-тай хамтран мэдээлэл хийж байна. Хоёр улсын харилцаа сайжирч харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгааг бид нааштай хүлээн авч байгаа. Солонгос руу зорчих хүсэлтэй иргэдийн дунд хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил нэлээд олон гарч санаа зовоох түвшинд хүрсэн.

Иргэдийн түгээмэл хуурамчаар бүрдүүлж буй бичиг баримтыг харвал, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга мөн хамгийн ноцтой нь Европын орнууд руу зорчсон гэх хуурамч тэмдэглэл байна. Зөвхөн өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байгаа.

ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа 1 жил цаашилбал хугацаагүйгээр хааж байгаа. Хуурамч бичиг баримтыг үйлдэж өгсөн этгээдийг бол шууд хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг хаана. 

Хууль бусаар бичиг баримт бүрдүүлж буй иргэд олон нийтийн сүлжээгээр зар тарааж, үүнийхээ хариуд иргэдээс хамгийн багадаа 100,000 цаашилбал 5 сая төгрөг хүртэл авч байна. Үүний хохирогч нь Солонгост очиж ажил, хөдөлмөр хийж амьдралаа сайжруулах хүсэлтэй жирийн залуус болж байгаа нь харамсалтай" гэв.

Мэдээллийг шууд дамжуулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.