Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

Л.Дэлгэрмаа
10 сарын 07, 2022

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардууллаа. Түүнчлэн ”Шилдэг зөвлөгч удирдах ажилтан”, “Шилдэг зөвлөгч нийгмийн ажилтан”, “Шилдэг зөвлөгч багш”, “Боловсролд ээлтэй Засаг дарга”, “Нийслэлийн тэргүүний насан туршийн боловсролын төв”, “Контент бүтээгч багш”, “Шилдэг менежменттэй удирдлагын баг”, “Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”, “Тэгш хамруулагч байгууллага” зэрэг номинацид шилдэг боловсролын салбарын ажилтнуудыг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үйл ажиллагааг нээж “Монгол Улсын боловсролын салбар, ирээдүйг тодорхойлж байгаа хүмүүс бол багш, ажилтнууд. Улаанбаатар хотынхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудаас дэмжин, олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, энэ жил Нийслэлийн Боловсролын газрын бүтэц, орон тоог шинэчлэн, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн, ялангуяа судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдийг багшаа хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр стандартыг хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж өглөө. Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус”  төслийн хүрээнд стандартын шаардлага хангасан хүүхдийн 75 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаашдаа ч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн автобусыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах үүднээс захирамж гарган, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг гарган, нийслэл дэх төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн эхний ээлжид бүртгүүлсэн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдлаа” хэмээв.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН 50 ХУВЬ НЬ УЛААНБААТАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагсдын 50 хувь нь буюу 40 мянга гаруй багш, ажилтан нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Нийслэлээс хүнээ хөгжүүлэх буюу боловсролын чанараа сайжруулахад багш, удирдах ажилтнуудаа илүү дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд амжилттай ажилласан шилдэг хүмүүсээ шалгарууллаа. Тухайлбал, боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа багш, ажилтнуудыг дүүрэг болгоноос шалгаруулж, түрээслээд өмчлөх орон сууцаар урамшуулж байгаа. Нийт 800 орчим гэр бүл, 1600 гаруй хүн  боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Эдгээрээс 400 орчим нь удам дамжсан багш, ажилтан байгаа юм. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын 70 хувь нь багш, 30 хувь нь аж ахуйн ажилтан байна. Иймд арын албанд амжилттай ажилласан хүмүүсийг урамшуулж, дэмжиж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургах бодлогыг барьж, эдгээр хүүхдийг сургуульд авч, ажиллаж байгаа сургуулиудыг боловсролын тэгш хамруулагч байгууллагаар шалгаруулж буй. Боловсрол гэдэг асар олон хэлбэртэй учир насан туршийн боловсролын төвүүдийг мөн шалгарууллаа” хэмээв.

Холбоотой сэдвүүд

гэрбүл хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.