Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 08, 2022
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байна гэв.
Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох бүтээн байгуулалтын талаар санал солилцов.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрээр, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв.
Ван И сайд БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхэд Хятадын Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.