"Вагнер Ази Автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг энэ эрхмийг Гаррет Вилсон гэдэг. Бидний талаар хатуу үнэнийг шууд дэлгэж зүрхэлсэн цөөхөн гадны иргэдийн нэг. Түүнтэй ажил амьдралынх нь талаар ярилцлаа.

- Та хүсч мөрөөдөж байсан мэргэжлээрээ сурсан уу?

-Бүтэлгүйтэл намайг өөр мэргэжил сонгоход хүргэсэн. Би багадаа байнга гэмтчихдэг хүүхэд байсан юм. Гар,хөлөө зөндөө хугалж гэмтээсэн дээ. Үүнээс л гэмтлийн мэс засалч болохоор шийдсэн. Гэтэл бусад хичээлдээ сайн хэрнээ химийн лекц эхлэхээр л уйтгарлаад өөрийн эрхгүй нүд анилдчихдаг байлаа. Эндээс л өөрийгөө ойлгож өөр мэргэжлийг судалж эгчтэйгээ ярилцаж байгаад бизнесийн удирдлагын ангид орсон доо. Эгч маань тухайн үед манай сургуулийн нягтлангийн ангид сурч байсан юм.

-Тэгвэл ямар ажлаар Монголд ирсэн юм бол?

-Сургуулиасаа хоёр жилийн чөлөө авч олонулсын энэрлийн байгууллагын шугамаар Монголд ирсэн. Би оюутнуудад англи хэл зааж, сайн дурын ажил хийж байлаа. Америкт буцаж очсоны дараа Монгол хэлний багшаар ажилласан.

-Буцаад Монголд ирнэ гэж бодож байв уу?

-2011 онд Вагнер Ази компаниас Монголд ажил санал тавьж ярьсан.Тухайн үед гэр бүл зохиочихсон,аав болчихсон америк хэв маягаар нэгэн хэвийн амьдрал өрнөж байлаа. Магадгүй олонхийн шалгуур үзвэл бол хоёр машинтай, байшинтай ажилтай гээд боломжийн амьдарч байсан гэх үү дээ.Гэхдээ Монголд очсоноос хойш миний зүрх сэтгэлийг энэ орон үргэлжсоронздон татаж байсан нь үнэн. Ажлын санал авч байхад би өөрөө ч нэгэн хэвийн биш зорилготой амьдрахыг хүсч байсан үе л дээ. Ингээд л хамаг байр машинаа зараад ирж байлаа. 2011 он бол Монголын нийгэм эдийн засаг дөнгөж хөл дээрээ босч байсан үе. Эргээд ирэхэд Монгол 1999 онтой харьцуулах аргагүй хөгжсөн байв.Тэр үед Монголчууд гадаад руу хүн явдаг хүн цөөхөн, явсан нэгнийгээ ах дүү нар нь цөм үдэж өгдөгсөн. Онгоц хөөртөл хүлээж зогсдог байсан шүү. Одоо олон зүйл өөрчлөгджээ. Монголчууд дэлхийгээр аялж, олон хэлээр ярьж өсч хөгжиж байгааг нь илт анзаарагддаг.

-Та одоо Монголд бизнес эрхэлж байгаа хүний хувьд бизнесийн орчин ямар байна гэж хардаг вэ?

-Энд бизнес хийхэд ямар ч саад бэрхшээлгүй газар гэж хэлэхгүй. Сайн тал нь боломжууд олон байна. Чөлөөт зах зээл хөгжчихсөн европын орнуудтай харьцуулахад Монголд бизнес дөнгөж хөгжиж эхэлж байна. Эдийн засгаа хөгжүүлэхдээ Монголчууд уламжлалаа хадгалж үлдээсэй гэж хүсдэг. Япончууд үндэстнийхээ соёлыг хадгалсан хэрнээ нөгөө талаасаа бизнес нь маш сайн хөгжсөн байдаг шүү дээ.

Муу тал нь авлигалын асуудал.Өмнө нь хүмүүс үүнийг байх л ёстой юм шиг хардаг байсан бол өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Хэрвээ авлигалгүй байсан бол ядуурал, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг аль хэдийнэ шийдчих байлаа.Гэхдээ энэ бол зөвхөн АТГ-ын хийх ажил биш. Бид бүхний өөрсдөөс маань эхлэх ажил юм. Тухайлбал надаас эхэлнэ гэж боддог.

-Та ажлаа бүтээхийн тулд авлигал өгч байсан уу?

-Ёстой шударга, нүүр бардам хэлье. Би хэзээ ч авлигал өгч авч үзээгүй. Санал ирж байсныг нуухгүй.Тэр үед би тайлбарлаж байсан. “Вагнер Ази” компани Монголд 20 гаруй жилийн түүхтэй. Бид цаашид олон жил энд үйл ажиллагаа явуулна. Тийм учраас Монгол улсын хуулийг дээдлэх ёстой гэж хэлж байсан. Авлига авч өгнө гэдэг хэн нэгнээс мөнгө дээрэмдэж байна гэсэн үг.

-Та Монголчуудын дутагдлыг хэлдэг цөөхөн гадны иргэдийн нэг. Хүмүүсийн хүлээж авсан хандлага ямар байв?

-Би зарим нэг алдаа дутагдлын талаар илэн далангуй ярьсан. Ихэнхи хүмүүс эерэг хүлээж авсан. Гэхдээ зарим хүмүүс надад бага зэрэг таагүй хандсан. Гэхдээ зарим амиа бодсон явдал дургүй хүрэхээс аргагүй учраас хэлдэг. Хууль хүн бүхэнд эрх тэгш үйлчлэх ёстой шүү дээ

-Сүүлийн жилүүдэд эдийн засаг сайнгүй байлаа. Ямар төлөвлөгөөгөөр ажиллав?

-Эдийн засаг энэ оноос сэргэж эхэлж байна. Бид дахиад алдагдалтай ажиллахгүй төлөө зорилго тавиад амжилттай ажиллаж эхэлсэн. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрэх арай болоогүй. Миний бахархдаг зүйл бол энэ ажлыг хүлээж авснаас хойш үнээ буулгах аргаа олж чадсан.Хэдэн жилийн өмнө манай үйлчилгээг үнэтэй гэж шүүмжилдэг байсан бол одоо өөрчлөгдсөн. Бид зах зээлд өрсөлдөхүйц үнэ санал болгож байгаа учраас сүүлийн үед үйлчлүүлэгч нар маань үнэтэй байна гэж хэлэхээ больсон. Ирэх оноос зах зээлд томоохон хувь эзлэхийн тулд ширүүн өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа.

-Монгол өөрийн чинь дотоод ертөнц, бие хүнд хэр нөлөөлсөн гэж боддог вэ?

-Өмнө нь би хаалттай, бусдыг шүүмжилдэг хүн байсан гэж болно. Харин Монгол улс намайг илүү чөлөөтэй сэтгэж, нээлттэй байхад тусласан. Аливаа зүйлийг арай өөр нүдээр харахад нөлөөлсөн гэж боддог. 

-Амьдралын зарчим?

-Ямар ч хүнд зөв буруугийн талаарх ёс суртахууны хэм хэмжээ байх ёстой. Гэхдээ түүнийг зөрчсөн хүнийг би буруутгаж чаддаггүй. Яагаад гэвэл би тэр хүний ямар зам туулсныг, яаж яваад ийм байдалд орсныгмэдэхгүй шүү дээ. Дэлхий дээр олон сая хүн зөвхөн идэх зүйл олж авахын төлөө амьдарч байгаа. Гэтэл би эрх танхи өссөн, өдий болтол өлсч цангахын зовлон үзээгүй. Тийм учраас би хүмүүсийг аль болох ойлгохыг, хүндэлж эвийг олж харьцахыг хичээдэг. Би өөрийгөө өрөвч зөөлөн, хүнлэг хүн гэж боддог. Гэр оронгүй, архичин хүн ч гэсэн миний мэдэхгүй зүйлийг мэднэ, тэр хүнээс сурах зүйл заавал байгаа. Хүн төрөлхтөн бол нэг л гэр бүл. Бурхан биднийг азжаргалтай амьдруулахын тулд энэ дэлхийд илгээсэн. Гэхдээ тэр сайхан амтыг мэдэхийн тулд гашууныг нь бас амталдаг. Тийм учраас зовлон бэрхшээл учирдаг гэж боддог.

-Үүнд магадгүй таны шашин нөлөөлдөг байх. Таныг мормоны шашинтай гэж ярьдаг. Асууж болох уу?

-Бололгүй яахав. Би гэр бүлээс уламжлагдсан шашинтай. Шашнаар дамжуулж аав ээж минь буруу зөвийг ялгаж хэлж өсгөсөн. Есүс Христийн шашны урсгал буюу албан ёсны нэршил нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм хоч нэр нь мормон хэмээх шашныг шүтдэг.

-Үүргэвч үүрээд явдаг байжээ?

-Тийм ээ. Анх монголд шашны чиглэлээр ирсэн болохоор энгэрийн тэмдэг зүүж үүргэвч үүрч явдаг байсан. Монгол хүнтэй ч гадаад хүнтэй ч хамт явж байлаа. 

-Яагаад заавал хоёулаа явдаг юм бол?
-Энэ чинь зүгээр л аюулгүй ажиллагааны зарчим юм л даа. Би тэр үед 20-той байсан. 20 настай ганц бие эр хүн гэдэг охидод сэтгэл алдах гээд төрөлхийн саваагүй араншинтай. Хэрэв хоёроороо явбал дүрмээ зөрчихгүй, нэг нэгнийхээ хянана бас нэгэндээ тусална. Хэл сурахад ч дэмтэй.

-Та шашны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би ямар ч шашныг буруутгадаггүй. Яагаад гэвэл шашин юмсыг арай өргөнөөр харж сэтгэхэд тусладаг гэж боддог. Хүнд мэдээж мэргэжил, боловсрол, карьер чухал. Гэхдээ оюуны санааны боловсрол хамгийн чухал. Энэ амьдралын бодож эргэцүүлдэг байхад шашин тусалдаг. Шашингүй байсан ч философи талаас нь үүнийг бодоход буруу зүйл байхгүй. 

-Ширээний ном?

-Би зузаан ном уншиж чаддаггүй. Дунд нь ороод фокус алдчихдаг юм. Яг одоо "Боломж чиний гарт", "Сэтгэл зүйн фитнес" сэтгэл судлалын ном уншиж байна.


-Сошиал ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Бараг твиттерт ордоггүй, хэрэглэхэд төвөгтэй санагддаг. Өдөр болгон пост оруулдаггүй ч гэсэн өөрийгөө илэрхийлэх ашигтай хэрэгсэл гэж үздэг.Би өнгөрсөн жил анх удаа ухаалаг гар утас авч үзсэн. Өмнө нь нокиа, blackberry барьдаг, солих ч хэрэггүй гэж боддог байтал утас эвдрээд ухаалаг утас авлаа. Гэтэл одоо бараг утаснаасаа салахгүй. Цагийн гарз болохоор оролдохгүйг хичээж байгаа./инээв/

-Таны ментор?

-“Вагнер Ази” групп компанийн гүйцэтгэх захирлаар зургаан жил ажилласан Стив Поттер гэдэг хүн бий.Тэр хүн надад манлайлагч байх зарчмыг заасан. Бас аав минь миний шударга зөвлөх. Аав надад “Ажил түр зуурынх. Харин нэр хүнд чамд үлдэнэ. Тийм учраас үргэлж хүмүүстэй шударгаар харьц”гэж хэлж сургасан. Зарим хүн “Миний тухай юу гэж бодох нь надад огт хамаагүй” гэдэг. Харин аав эсрэгээрээ. Хэнтэй ч харьцсан өөрийгөө зөв шударга хүн гэж ойлгуулахыг хичээдэг. Би ч бас энэ зарчмыг баримталдаг. 

-Бид уламжлал, ёс заншилдаа хэр хандаж гэж хардаг вэ?

-Монгол үндэсний хувцас маш сайхан. Яагаад Монголчууд өдөр тутмын амьдралдаа өмсдөггүй юм бол гэж боддог. Анзаарч байхад зарим залуус үндэсний хувцасаа өмсөхдөө түүртдэг. Гэтэл би монгол хүрэмтэй, өмсөх ч дуртай. Монголчууд хотжих тусам нүүдэлчин ахуйгаа мартах гээд л байгаа нь анзаарагддаг. Энэ олон зууны түүхтэй монгол соёл уламжлалаасаа битгий холдоосой гэж хүсдэг. Зарим хүмүүс хүүхдүүдээ хөдөө эмээ өвөө рүү явуулж байдаг. Би ч гэсэн хүүхдүүдээ хөдөө явуулах дуртай. Даанч хамаатан садан алга. Уламжлал гэснээс өнгөрсөн долоо хоногт би Чингис зочид буудлын хүн хүлээж суухдаа маш сайхан үйл явдлыг харсан. Өндөр настнууд ямар нэгэн уулзалтаас тараад миний хажууд сууцгаан бие биетэйгээ халуун дулаанаар мэндэлцгээсэн. Бүгд сайхан хувцасласан нүдэнд дулаахан улс юм. Өөр хоорондоо хөөрөг зөрүүлэн яриа хөөрөө өрнүүлээд л.Тэр хүндэлж мэндэлж байгаа ёс, халуун чин сэтгэлийг хараад би бүр биширч гүйцсэн. Би хөндлөнгөөс хараад л хүндлэл төрөөд л сууж байлаа. Бүр зургийг нь дарсан шүү. Хүмүүс ийм гоё нэгэнтэйгээ мэндэлдэг бол сайхан юм аа гэж өөрийн эрхгүй бодсон. Бас өөртөө асуулттай үлдсэн.

-Ямар асуулт?

-Бид тэдэн шиг өтлөхөд он цагийн шалгуураар одоогийн найзуудаас минь хэд нь үлдэх бол, надтай ингэж мэндлэх найз хэд байх бол гэж бодсон.Тийм учраас өнөөдөр хүмүүстэй хэр нийцтэй байгаагаа бодох хэрэгтэй.

-Өөрт тань Монголчуудын ямар зан чанар таалагддаг вэ?

-Гэр бүлээ ахмад настнаа хүндэлдэг бас зочломтгүй зан нь хамгийн их таалагддаг. Америкт бол өндөр настнуудын асрах газар маш олон. Эмээ минь ч бас асрах газарт амьдарч байгаа. Би очих бүртээ уулздаг. Гэхдээ л энэ чинь бас л хүнлэг биш хэрэг шүү дээ. Гэтэл Монголчууд хэзээ ч ахмад настай хүнээ зөнд нь орхидоггүй. Бүр өөрийнхөө байранд өрөө гаргаж өгдөг. Ахмадууд нь ч үр хүүхдийнхээ хүүхдийг маш сайн өсгөж хүмүүжүүлдэг юм билээ. Зарим нь ажил ихтэй учраас эцэг эхээсээ илүү эмээ өвөөгийн гараар өсдөг.Тийм учраас зарим монгол хүмүүс аав ээжээсээ илүү эмээ өвөөдөө илүү дотно байдаг. 

Монголчуудын давуу тал бол боловсролын ач холбогдлыг маш сайн ойлгож ухаарчихсан. Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын чанарчтун боломжийн. Харин хоёр гурван ээлжээр хичээллэдэг нь бэрхшээлтэй харагддаг. Тэр санхүүжилтийн асуудал багш нарын цалинг шийдэж чадвал дэлхийн боловсролоос дутахгүй. Хүүхдээ сургахын төлөө байраа барьцаанд тавьдаг гэдгийг ч мэднэ. 

-Монголчууд өөрт чинь хэр хандаж байгаа юм шиг санагддаг вэ?

-Монгол хэл сурсан болохоор ч тэрүү надад Монголчууд дулаахан, элгэмсүү ханддаг. Зарим гадныханд Монголын баялгийг л авах гэж ирсэн гэдэг өнцгөөс нь хардаг гэдгийг анзаарсан. Үндсэрхэг байх нь зөв гэхдээ бусад улс орныг үзэн ядах нь буруу. Иймэрхүү мэдээллийн сошиалаар харахад надад аймшигтай санагддаг.

Монгол улс эдийн засгийн хувьд хүчтэй болж хөгжихийн тулд заавал бусад орны хүмүүстэй нээлттэй харилцаж хэрэгтэй гэж боддог. Би энд олон орны хүмүүстэй харилцдаг, хүүхдүүд маань ч гэсэн олон орны хүүхдүүдтэй сурдаг. Энэ бол гайхалтай өсч хөгжих боломж шүү дээ. 

-Улаанбаатарт чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Голын эрэг дээр л очих гоё санагддаг. Яагаад заавал хэтэрхий үнэтэй зугаа цэнгэлийн газар очиж ёстой гэж. 

-Ямар хоол хүнс идэхээс татгалздаг вэ?

-Элсэн чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалздаг. Яг үнэндээ хийжүүлсэн ундаа гэдэг зүгээр л элсэн чихэртэй ус шүү дээ. Тийм учраас огт уудаггүй. Бас архи согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй. Хоол хүнс хамгийн чухал гэж боддог учраас эрүүл хооллохыг хичээдэг. Монголд эрүүл амьдрах боломжтой. Монголчууд цагаан идээ, махаа л иддэг байсан. Тариачид биш малчид учраасМонголчууд таргалуулдаг гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан шүү дээ.

-Танд байгаа хамгийн үнэтэй зүйл?

-Миний дөрвөн хүүхэд. Би тэдэндээ сайн аав байхыг хичээдэг. 

-Ямар машин унадаг вэ?

-Компанийн машин унадаг. Дандаа сольж унадаг. Одоо Ford explorer унаж байна. Маш сайхан тухтай тэрэг. Надад хяналтын самбар, интертайнмент систем, хяналтын самбар  нь таалагддаг.

-Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Фитнест явж дасгал хийдэг бас цэцэг ургамал тарих дуртай. 

-Утааны улирал эхэллээ, яаж өөрийгөө хамгаалдаг вэ?

-Амны хаалтаа цүнхэндээ авчихсан явж байна. Энэ жил зүүж эхлээгүй. Нэг л өдөр ажлаас гарахад аймаар үнэртэж эхэлдэг. Тэр үеэр зүүнэ. Яг үнэнийг утаа бид нарыг аажим аажмаар хөнөөж байгаа. Хэдийгээр манай компани утаа бууруулахад тийм ч их үүрэг гүйцэтгэж чадахгүй ч ЮНИСЕФ-тэй хамтран төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрэээнд хэд хэдэн цэцэрлэгт амны хаалт , агаарын шүүлтүүр тарааж хэрхэн хүүхдүүдэд утаанаас яаж өөрийгөө хамгаалах талаар сургалт явуулсан. Бас өмнө нь Улаан чулуутын “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт үргэлж туслалцаа үзүүлдэг, Хүүхдүүд зөөх автобус бэлэглэж байсан. Гэхдээ энэ бүхнээр би PR хийхийг хүсдэггүй.