“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс зохистой хооллолт, эрүүл зан үйл, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн боловсролын талаар сурталчлан таниулах зорилгоор Цагаан сарын ширээний гарын авлагыг гаргажээ.

Гарын авлагад хийхэд хялбар, биед шингэцтэй салат зуушны жор хоол зүйч, эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг багтаасан аж. 

Үүнээс гадна баярын ширээний ундаа, буузны илчлэгийг хэрхэн тооцох талаарх мэргэшсэн хоол зүйчдийн зөвлөмжийг багтаасан байна.

Сонирхуулахад хүний өдөртөө авах ёстой ккалорын хэмжээ 2500 орчим байдаг. Харин монголчууд бид цагаан сарын баярын үеэр зөвхөн нэг айлд зочлохдоо л дунджаар 1300ккал хоол хүнс хэрэглэдэг байна. Иймээс эдгээр өдрүүдэд махны хэрэглээ эрс нэмэгддэг учраас ходоодоо хямраахгүйн тулд өдөрт авах ккал хэмжээгээ тооцох зөвлөмжийг гарын авлагад багтаажээ.

Тус гарын авлагын талаар "Баян өндөр" эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтох “Нийтээрээ эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж идээ ундааны соёл, дэг жаягаа дэлгэрүүлж хэрэгжүүлснээр элэг бүтэн, урт удаан сэтгэл амар амьдрах боломжтой. Иймээс Эрүүл Монгол Хүн байхын тулд баяр ёслолын үеэр хоол ундандаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Мах хамгийн их иддэг өдрүүдэд зажлалт гэдэг зүйлийг битгий мартаарай. Бид зажилж идвэл хоол, залгиж идвэл хор гэж ярьдаг ард түмэн шүү дээ. Зажлах тусам амтыг тархи ойлгож, хоол боловсруулахад илүү хялбар болдог. Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж зүдэрсээр сүүлдээ хоол дутуу боловсорч ходоодоо өвчлүүлээд байна.” гэжээ.


"Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд хоол зүйч, эмч, мэргэжилтнүүдийн баг та бүхэнд эрүүл зохистой хооллолтын талаарх энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Энд дарж татах.

 Эрүүл монгол хүн фэйсбүүк хуудас дахь Цагаан сарын ширээний гарын авлагыг татаж авахыг хүсвэл доорх хуудсыг дагана уу.