Индонезийн Бали арал дээр галт уул дэлбэрч, 2 километрийн өндөрт утаа болон үнс нурам цацагдсаны улмаас өнгөрсөн пүрэв гарагт хийх ёстой байсан нислэгүүдийг цуцалж, хойшлуулахад хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

“Агунг галт уул дэлбэрсэн нь Балид ирэх хийгээд Балигаас буцах хэд хэдэн нислэгт нөлөөллөө” гэж  агаарын тээврийн “AirAsia” компаниас мэдэгдсэн бөгөөд хамгийн багаар тооцоолоход 27 нислэг цуцлагдаж, хойшлогдсон ажээ.

Бали арлын зүүн хойд хэсэгт оршдог Агунг галт уул нь өнгөрсөн оны сүүлээр буюу 12 дугаар сард дэлбэрч, нисэх буудлын үйл ажиллагаа зогсоход хүрч байсан юм байна.

Галт уулын үнс нурман дундуур нисэх нь онгоцны хөдөлгүүр, шатахууны хэсэг хийгээд хөргүүрийн систем зэргийг гэмтээдэг учир агаарын тээврийн компаниуд ийм үед нислэг үйлдэхээс зайлсхийдэг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг