Дэлхийн 34 улсад суугаа 13095 сонгогч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлж, нэрс нь баталгаажсан. Тэд өнөөдрөөс эхлэн энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд оршин суугаа улсынхаа цагаар 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгнө.

Япон улсад суугаа сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг "Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Осака хотын ахлах сургуульд суралцдаг. Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Япон улсын Осака хотод суугаа сонгогч М.Энхцэлмэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөв. 2024.06.20

Гадаад улс дахь сонгогчид өөрийн бүртгүүлсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ очиж сонгох эрхээ эдлэх юм.