Ковид-19 халдварт цар тахлын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжиж, хөл хорионы дэглэм тогтоолоо. 

Тодруулбал, Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтоов.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлаж байна. 

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хөл хорио тогтоох хугацаанд ажлын цагийн горимдоо зохицуулалт хийж ажиллана уу. Төр засгийн бодлого, шийдвэрийг биелүүлж, гамшгаас хамгаалах талаарх иргэний үүргээ биелүүлэхийг иргэдэд уриалж байна.


Хөл хорио тогтоосон байдлыг гэрэл зургаар хүргэж байна.