“Facebook” хүний эрх зөрчигдөж байгаа орнуудын мэдээллийг хадгалахгүй

peak.mn
03 сарын 13, 2019

“Facebook” компани хүний эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа орнуудад хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, боловсруулах төвүүдийг байгуулахгүй бөгөөд үйлчилгээгээ хаахад бэлэн байна. Энэ тухай “Facebook”-ийн тэргүүн Марк Цукерберг лхагва гарагт мэдээлжээ.

Тэрбээр “Facebook” нийгмийн сүлжээ болон бусад программуудыг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор мэдээлэл, тайлбар хийжээ. Тухайлбал, тус компани “Facebook” сүлжээнд шифрлэгдсэн мэдээллүүдийг солилцох, мөн хувийн мэдээллийг хамгаалах үйлдлийн системийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа тухай мэдээлсэн байна.

Үүнээс гадна, “бид хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг иргэдийнхээ эрхийг хүндэтгэдэггүй орнуудын эрх баригчид мэдээллийг зүй бусаар олж авахаас хамгаалах зорилгоор ийм улсуудын чухал мэдээллүүдийг хадгалахгүй” гэж Цукерберг цохон хэлсэн байна. “Улс оронд үйлчилгээ үзүүлэх болон тухайн орны иргэдийн мэдээллийг хадгалах хоёрын хооронд чухал ялгаа байдаг” гэж тэрбээр цааш онцлон хэлжээ. Хүний эрх зөрчигдөх тохиолдол гарч байгаа гэж үзэж байгаа орнуудыг Цукерберг дурдаагүй байна.

“Дэд бүтцүүдээ хөгжүүлэхдээ бид дээр дурдсан эрхүүд зөрчигдөж байгаа орнуудад мэдээлэл боловсруулах төвүүдийг байгуулахгүй байхаар шийдсэн. Хэрэв бид ийм улсуудад мэдээлэл боловсруулах төвүүд байгуулан чухал мэдээллүүдийг хадгалбал эдгээр орны эрх баригчдад хэрэглэгчдийн мэдээллийг хялбар олж авах боломж олгож байна гэсэн үг юм” гэж “Facebook”-ийн тэргүүн нэмж хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP

Холбоотой сэдвүүд

facebook хүнийэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.