РОМ. /La Repubblica/. Италид Панца хот дахь эзнийхээ булшны дэргэд 10 гаруй жилийг өнгөрүүлсэн Николетта хэмээх хочтой нохой үхжээ. Нохой хорт хавдартай байсны улмаас үхсэн байна. 


Нохойны эзэн, Германы иргэн Альфред 2009 оны 1 дүгээр сард нас баржээ. Тэр үед Николетта хочит нохой байшинг орхиж, эзнийхээ булшны дэргэд амьдрах болсон байна. Оршуулгын газраас холгүй оршин суудаг хүмүүс Николеттаг хооллодог байжээ. 


Хавдар нь томорсны улмаас бие нь муудаж, хөдөлж ч чадахаа байсан Николеттаг нойрсуулахаас өөр аргагүй болсон байна. Малын эмчийн мэдэгдсэнээр, Николетта нохой 14 настай байжээ. 



Эзнээ олон жил харуулдсан Японы Хачико нохойны хөшөөг босгож байсан шиг Николетта нохойнд зориулж хөшөө босгох нь зүйн хэрэг юм гэж орон нутгийн зарим оршин суугч үзэж байгаа аж.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг