Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. 

Энэ хүрээнд нам, эвслүүд 4 дүгээр сарын 30-наас өчигдрийг хүртэлх гурав хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодрууллаа. 

Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, нөгөө фракцаас нь Н.Алтанхуяг, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нэр дэвшихээр болсон.

Улмаар нам, эвслүүүд гурав хоногт багтааж буюу энэ сарын 05-ны дотор нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.

Мөн нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 5 дугаар сарын 03-наас өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байх ёстой. Энэ хугацаа өчигдөр дууссан бөгөөд хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй.   

Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг 5 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гаргана. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, СЕХ-нд хүргүүлэх юм.  

СЕХ нэр дэвшигчдэд 5 дугаар сарын 24-нд Нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосноор сонгуулийн сурталчилгааг эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.

Санал хураалт 6 дугаар сарын 09-нд явагдана. 


Эх сурвалж: СЕХ