Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам, эвслээс хэн нэр дэвших вэ гэсэн иргэдийн таамаг, заримынх нь хүсэл өнөөдөр бүрэн эцэслэгдэнэ. Учир нь нэрсийг албан ёсоор зарлах юм.

АН, МАН, Зөв хүн электорат эвсэл хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. МАХН МАН-тай нэгдсэнээр энэ эрхээ үгүй хийсэн. 

Гэхдээ хаанаас, хэн дэвших вэ гэдэг нь бараг тодорхой болж байна.

МАН-аас мэдээж намын дарга У.Хүрэлсүх.

АН-ын хоёр фракц тус бүрээс Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар сонгогдсон. СЕХ хэнийг нь нэр дэвшигчээр бүртгэнэ, тэр хүн нэр дэвшинэ. Магадгүй С.Эрдэнэ байх.

Зөв хүн Электорат эвслийн "Ерөнхийлөгчөө захиалъя" санал асуулгад Датакомын Д.Энхбат, эмч Б.Болдсайхан, нийтлэлч Баабар, Дефакто Д.Жаргалсайхан нар олон санал авсан. Улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлаар тэдэнтэй уулзсан гэж ХҮН мэдээлсэн. 

Д.Жаргалсайхан уг саналаас татгалзаж буйгаа мэдэгдсэн. Б.Болдсайхан эмч "Мэдээллийн урсгал"-д орох үеэрээ энэ асуултад тоймтой хариу өгөөгүй, бөөрөнхийлөөд өнгөрөөсөн. Тэгэхээр Баабар, Б.Болдсайхан эмч, Д.Энхбат нарын нэг нь байх болов уу.

Тус эвсэл өнөөдөр 18:00 цагт албан ёсоор хүнээ зарлах аж.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах АН-ын дотоод сонгуульд оролцож "бүдэрсэн" Ц.Оюунгэрэлийг тус эвслээс нэр дэвшээсэй гэж харж буй хүмүүс бас бий. Гэхдээ нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хуулиар хориглодог.