Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох эсэхийг яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.