Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, ингэснээр өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уриа болон үнэмлэхээ гардан авсны дараа хэлсэн үгийг танилцуулж байна.


МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн монгол” 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Надад асар их хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон журмын нөхөд болон та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол маш хариуцлагатай сонгууль. Сонгуульд нэр дэвшигч нартаа амжилт хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад маш анхааралтай ажиглаж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж уриалмаар байна. Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж аль болохоор хямд зардлаар энэ удаагийн сонгууль зохион байгуулахыг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Энэ бол маш хариуцлагатай алба. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллана. 

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын шинэчлэхэд тусгайлан анхаарна. Хүн биш хууль засагладаг төртэй болох ёстой гэж үзэж байна. 

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.

Гуравдугаарт, Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна.

Дөрөвдүгээрт, дараагийн гол анхаарлаа хандуулах сэдэв бол гадаад харилцааны асуудал. Төрийн тэргүүний гол ажлын нэг бол гадаад улсад улс орноо төлөөлөх явдал. Монгол Улс НҮБ-д элссэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Манай улс 2002 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө бүхий л боломж нөхцлөө дайчлан ажиллах болно.

Эцэст нь хүчирхэг эдийн засагтай Монгол Улсын бий болгох ёстой. Үүний тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана" гэлээ.


АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор зарлаж байна. АН эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг нэгтгэсэн хар хүчний эсрэг асар хүнд бөгөөд бохир тулаанд орж ялан дийлсэн. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид ялан дийлнэ. Монголын ард түмний өмнө өөрт байгаа бүх нөөцөөрөө зүтгэх боломжоо олж авсандаа бахархаж байна. Түүхийн эмзэг бөгөөд хариуцлагатай цаг үед үндэстнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна гэдгээрээ бахархаж байна. Монголд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр болсондоо бахархаж байна.

Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно. Учир нь энэ бүхний цаана хар хүчний учруулах нөхцөл дэндүү аюултай. Бүх ард түмний Ерөнхийлөгчийн сүүлийн удаа сонгох сонгууль болно гэдэгт санаа зовниж байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө чөлөөт ардчилсан улс гэдэг статусаа алдвал хүний эрх, эрх чөлөөг алдана. 

Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн биш ээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан.

Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Үүнээс хамгаалах вакцин бол эрх чөлөө юм. Миний мөрийн хөтөлбөрийн үндэс суурь нь эрх чөлөө юм. Би дараах үндсэн гурван зарчмыг хатуу баримтлах болно. Үүнд эрх чөлөө, эрх чөлөө бас дахин эрх чөлөө.

Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эрх чөлөөний баталгааг дархлахын төлөө цуцашгүй ажиллах болно. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, улс төрийн албан тушаалтныг хардах, шүүмжлэх эрхийг халдашгүй дархан болгохын төлөө бүхнээ дайчлан ажиллах болно. Би та бүхний улс төрийн эрх, эрх чөлөөний баталгаа нь байна. Төр засагт таны дуу хоолойг сонсдог баталгаа нь байна. Улс орны язгуур эрх ашигт хамаатай эмзэг асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж шийдвэрлүүлдэг байх эрхийг олгоно.


“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” 

"Зөв хүн электорат эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг бэхжүүлж, нийгэм эдийн засгийг төгөлдөржүүлэх, ялангуяа Монгол иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, шударга ёс тогтоож, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна. Бид дараагийн 30 жилд хэрхэн амьдрах, залуус хүүхдүүдэд ямар өв үлдээхийг шийднэ. Бид туулсан замаа эргэн харж, шинэ үедээ итгэн 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана. Монгол хүн чадна гэдэг бидний уриа. Бүх зүйлийг төр гартаа авч байгаа, бүлэглэлүүд бүх зүйлийг эзэмшиж байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой. Гурван сая хүн бүгд хөдөлж байж хавтгайрсан халамжийг таслан зогсоож байж бид хөгжинө.

Мэдлэг, чадвар, технологид итгэж 21-р зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэн ажиллана. Нээлттэйгээр аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно.

Монголын малчид чадна, Монголын инженерүүд чадна, Монголын залуучууд чадна, монголчууд бүгд чадна гэсэн уриатай байгаа. Бидний зорилт бол нэг намын төлөө биш нийт олныхоо төлөө байгаа. Бид хичээх болно. Зүтгэх болно" гэлээ.