Эрмитажийн музейд хадгалагддаг Монголын түүх соёлд хамрагдах олон үнэт үзвэр бий. Тухайлбал Монголын уран бичлэгийн хамгийн эртний дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг.

Эдгээр өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад  Зүүн Европын улс орнуудад гаргах талаар ярьж эхэлжээ. Энэ асуудлаар  Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг хүлээн авч уулзсан байна. Үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Энэ үеэр монголын хувийн цуглуулагчдын холбогдох цуглуулгаас дэлгэн үзүүлэх гэнэ.

Мөн Эрмитажийн музейд хадгалагдаж буй Монголын гадаад харилцааны түүхтэй холбогдох архивын материал, үзмэр зэргийг хуулбарлан ашиглах, “Казанийн Кремль” музейгээс санаачлан ирэх оны 11 дүгээр сард зохион байгуулах Алтан орд ба Крымийн түүхийн сэдэвт үзэсгэлэнд  манай тал хамтран оролцох зэрэг асуудлуудаар санал солилцжээ.