Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг танилцууллаа

Х.Оргил
12 сарын 11, 2019

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт боллоо.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэн баригдаад буй дотоодын барилгын компаниудын барьсан дөрвөн төрлийн амины орон сууцууд нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” норм стандартад зааснаас 20 хувиар илүү эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг хангаж байгаагаараа онцлог. 

Төслөөс цаашид ч тус шаардлагыг хангасан аль болох олон төрөл, шийдэл бүхий амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Эдгээр сууцны давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй барилгыг худалдан авах сонирхолтой, шалгуурт нийцэж буй гэр хорооллын айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бололцоог олгож байгаа аж.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон дахь Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн хашаанд байршуулжээ. 

Сонирхсон иргэд амралтын өдрүүдэд очиж, орон сууцуудтай танилцан, харьцуулалт хийж сонгох боломжтой юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцуудын гүйцэтгэгчээр “Изохаус” ХХК, “Эрэл” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Гранд Авгуш” ХХК зэрэг компаниуд шалгаран ажиллажээ.

Холбоотой сэдвүүд

ипотекийн зээл ногоонхот

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.