Энэтхэгийн Ерөнхийлөгч асан Пранаб Мукержи хүнд хагалгаанд ороод бие нь тэнхэл авалгүй байсаар өчигдөр Шинэ Дели хотын цэргийн төв эмнэлэгт нас баржээ. Тэрээр хагалгаанд орохоос өмнө коронавирусын халдвар авсан байжээ.

Түүнийг нас барсантай холбогдуулан Энэтхэг улс даяар долоо хоногийн гашуудал зарлаж, төрийн далбаагаа хагас бөхийлгөсөн байна.

Тэрээр 1969 оноос хойш долоон удаа парламентад сонгогдож байсан бөгөөд мөн долоон удаа засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын, Худалдааны, Гадаад хэргийн, Сангийн зэрэг яамны сайдыг хашиж байсан Энэтхэгийн улс төрийн нөлөөтэй нэгэн байсан юм.

2012 оноос 2017 онд тус улсын 13 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Энэтхэгийн төрийн дээд одон Бхарат Ратна (Энэтхэгийн эрдэнэ) одонгоор 2019 онд, хоёрдугаар зэргийн Падма вибхушан одонгоор 2008 онд тус тус шагнагдаж байжээ. Тэрээр хоёр хүү, нэг охинтой юм байна.