ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүх, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар шинэ төрлийн коронавирусийн шинжилгээний талаар тодруулга өгөв. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус гэв. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй хүн уг вирусээр өвчилжээ.

Уг вирусийн хамгийн гол шинжилгээ нь вируслогийн шинжилгээ юм.  Халдвар авсан 14 хүнд шинжилгээ хийхэд:

-Хамар хоолой залгиурын арчдасын шинжилгээ хийхэд 93,3 хувьд нь

-Цэрний шинжилгээнд 93,30 хувьд нь

-Өтгөнд хийсэн шинжилгээний 86,60 хувьд нь COVID-19 илэрсэн.

Эдгээрээс зөвхөн ганцхан хүнд хамар хоолойн арчдас, цэрний шинжилгээгээр COVID-19 илрээгүй ч өтгөнд хийсэн шинжилгээгээр уг вирус илэрсэн байна. 

Үүнээс үзэхэд голдуу цэрний шинжилгээгээр илэрч байгаа тул иргэд гадуур явахдаа амны хаалтаа заавал зүүхийг анхаарууллаа. Мөн өтгөнд илэрч байгаа тул гараа ариутгахыг зөвлөв.

COVID-19 вирусийн эмнэл зүйн шинж тэмдэг:

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуура ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн.