Эмгэнэл

Бидний эрхэм нөхөр, Монголын хэвлэлийн төлөөлөгчдийн холбооны үүсгэн байгуулагчдын нэг, чадварлаг сэтгүүлч Ганбатын СОЛОНГО 2020 оны 12-р сарын 21-нд өвчний улмаас зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

Г.Солонго нь 2001 онд МУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр, 2003 онд магистр зэрэгтэй төгсч, “Өдрийн сонин”, “Компьютер таймс” сонины сэтгүүлч, “Алтангадас” сэтгүүлийн эрхлэгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын ОНХА-ны дарга, Даяар групп”-ийн Гүйцэтгэх захирал, Хадгаламж банкны хэвлэлийн төлөөлөгч, Петровис, НИК, Kitchen All компаниудад пиар зөвлөх, “Эрдэнэс Монгол” корпорацид хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Forbes Life Mongolia сэтгүүлийн эрхлэгч, 2018 оноос “Содон мөрөөдөл” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. 

Г.Солонго сэтгүүлзүйн салбарт өөрийн давтагдашгүй өнгө төрх, орон зайг бий болгосон олон арван бүтээл туурвисан, бичиж нийтлэх, бүтээлч сэтгэх төрөлхийн авьяастай нэгэн байлаа. Мөн олон нийттэй харилцах чиглэлээр шинэ санаачилга, бүтээлч туршлагыг дэлгэрүүлж, сурч мэдсэнээ бусдад харамгүй хуваалцдаг, сэтгүүлзүйн болон цахим контент, маркетингийн салбарт олон шавь төрүүлсэн, салбартаа хүндлэгдсэн хүн байв.

Түүний 2001 онд туурвиж Улаанбаатар радиогийн алтан фондод үлдээсэн “Мөнхийн уран бүтээлч”, “Муухай монгол хүн” радио нийтлэл, 2008 онд гаргасан “Интернэт хэрэглэгчдийн гарын авлага” хамтын бүтээл, 2014 онд хэвлүүлсэн “Амьдралд өнгө нэмнэ” онч үгс, нийтлэлийн ном зэрэг бүтээлүүдийг МСНЭ-ээс өндрөөр үнэлж “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Сэтгүүл зүйн 100 жилийн ойн медалиар шагнаж байв.  

Эрхэм нөхрийн маань бүтээлч, шинийг санаачлагч, тусч, нийтэч, эрч хүчтэй, цовоо сэргэлэн зан төрх, бүтээж туурвисан бүхнийг үзэг нэгт сэтгүүлчид болон хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй олон зуун нөхөд нь үүрд дурсан санаж явах болно. 


Талийгаачийн гэр бүл, төрөл садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.                                     

Монголын хэвлэлийн төлөөлөгчдийн холбоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл