Х.Оргил
01 сарын 24, 2023
МУСГЗ Б.Сарантуяагийн "Эх" өгүүллэгийг хүргэж байна.
ЭХ
Хайруу өвлийн жавар энгэр заамаар шургасан цаанаа л ёозгүй хүйтэн жиндүү өдрөөр хүрэх газраа яаран очихоор хүн бүхэн л салхи сөрөн тэмүүлнэ. Ийн яаран алхах хүн олны урсгалаас тасраад үлдчихээ юу гэлтэй энгэр заам нь задгай өдөн хүрэм өмсөж, ороолтоо хайнгадуухан ороосон нэгэн бүсгүй тэртээд шингэж буй нарны зүг харц хандуулан зөөлөн алхаж явлаа. Хацар цуучих мэт жавар, хүзүү хойлоогоор нь бүжих хүйтэн салхин хүртэл түүнийг яаруулж чадсангүй юу гэлтэй хөмсөг сормуусыг нь цантуулжээ. Сарнай хэмээн энэ бүсгүй очих гэж буй газар, хийх гэж буй үйлдлээ зөв буруу эсэхэд эргэлзэх эргэлзээ нь түүнийг ийн хөлийг нь туших мэт хойш татсаар байв.
Зуучлалын газрын эмэгтэйн зааж өгсөн хаягаар хайж явсаар баячуудын хорооллын дундах нэгэн байшингийн гадаа очоод эргэлзэн хэсэг зогсов. Тэртээд шингэж буй нарны алтан туяа сэтгэл зүрхэнд нь үлдсэн сүүлчийн гэрэл гэгээг хумин аваад уулсын цаагуур орж байх шиг гунигтай санагдана. Мөнөөх байшингийн хаалгыг зөөлөн тогшив.
-Ор ор, хэмээн хайнгадуухан хэлсэн үйлчлэгч бололтой эмэгтэйн араас даган орвол өөр нэгэн настайвтар эмэгтэй шатаар буун ирж түүнтэй мэндлэв. Театрын их таним л ийм байдаг байх даа гэмээр гоёмсог хэрнээ жавар хургасан мэт том тасалгаанд түүнийг урьж ширээний ард сууцгаав. Хэн хэн нь эхэлж ам нээсэнгүй. Мөнөөх эмэгтэй Сарнайн өгсөн бичгийг анхааралтай уншиж дуусаад түүний зүг ажиглангуй харав.
-Чи энд жил гаруй амьдарна. Энэ хугацаанд юунд ч санаа зовохгүй байж болно. Харин чи өөрөө энэ ажлыг хийхдээ итгэлтэй байна уу? гэж түүнийг хэлэхэд Сарнай үнэндээ “Итгэлгүй байна” гэж хэлмээр авч өглөөхөн түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн хөлсний байрны эзний өршөөлгүй царай сэтгэлд нь харагдав.
-За хоёулаа тохирьё. Зуун тавин саяыг өгье. Чи энэ мөнгөөр орон байр авсан ч хүрнэ. Гол нь чи эрүүл байх нь л чухал гэснээ мөнөөх шинжилгээний бичгийг дахин нэг нягталж үзэв бололтой хариу хүлээн өөдөөс нь харав.
Үнэндээ Сарнай өөрөө л түүнийг хайж ирсэн. Утасны цаанаас хүрээд ир, уулзья гэхэд нь зорин ирсэн билээ. Гэвч энэ айлын босгоор алхан орж ирэхдээ л ханхай том байшингийн хаана нь хүн байгааг олохооргүй, чинээлэг айлын үзэмжит тавилгаас нь, өөдөөс нь хараад сууж байгаа энэ настай эмэгтэйгээс хүртэл яагаад хүйтэн мэдрэгдээд байгааг ойлгосонгүй ч зөөлөн толгой дохив.
-Хүү маань тун удахгүй ирнэ. Чи түүнд таалагдах нь лав гэснээ өнөөх эмэгтэй гараа алдлан үзүүлж,
-Чи хар даа. Чиний харж байгаа бас харахгүй байгаа өчнөөн эд баялаг бидэнд байна. Гагц хүүд маань гэр бүл үр хүүхэд алга гэж хаарамсангуй хэлэв.
-Хүү тань яагаад гэр бүлтэй болоогүй юм бэ гэж түгдчин асуусан Сарнайг цочих мэт харсан эмэгтэйн өнөөх сүрлэг байдал аажмаар сарнив уу гэлтэй түүний өөдөөс харах харц нь зөөлөрч,
-Чи тэгээд зөвшөөрч байна уу гэж асуув. Эмэгтэйн аргадангуй ч юм шиг зөөлөн харцанд өөрийн эрхгүй автсан Сарнай толгой дохив.
-За болж ээ. Тохирлоо. Харин одоо чамаас юу нуух билээ. Миний хүү ижил хүйстэн. Түүнд эмэгтэй хүнийг хайрлах боломж байхгүй. Тиймээс чи түүнд хүүхэд төрүүлж өг гэж шууд шулуун хэлэв. Үнэндээ зуучлалаар дамжуулан яг энэ л зараар ирсэн ч өмнөөс нь хараад сууж байгаа эмэгтэйн, бас хүйт даасан энэ гэрийн уур амьсгалаас, тэгээд хүүг нь ижил хүйстэн гэж сонсоод гаргасан шийдвэртээ эргэлзэж эхлэв.
-Хүү чинь ижил хүйстэн гэж үү? Тэгээд яаж...хэмээн түгдчихэд,
-Тэр асуудалгүй ээ. Чи түүнтэй бие махбодиороо ойртохгүй шүү дээ. Зөвхөн эд эстэй нь л ойртох болно. Би эмнэлгийг нь бэлдчихсэн байгаа гэхэд нь Сарнай сая ойлгон толгой дохиж түүний зүг өрөвдөнгүй харав.
-Чи эх хүн болсныхоо дараа л миний зовлонг ойлгоно доо гэж хэлсэн нөгөөх эмэгтэй нүдээ аньж толгойгоо зөөлөн сэгсрэх нь туулж ирсэн амьдралынхаа гашуун зовлонг ярьж эхлэх гэж байгаа мэт санагдсан ч буцаж нүдээ нээхдээ мөнөөх л хүйтэн хөндий байдалдаа эргэж оров.
-За тэгвэл тохирлоо. Чиний байрлах өрөөг зааж өгье гэж хэлээд эмэгтэй Сарнайг дагуулан шатаар дээш өгсөн гарав.
Энэ өдрөөс хойш Сарнай танихгүй айлын нэгэн өрөөнд тухлаж, Оргил гэх ижил хүйстэн эрийн үрийг хэвлийдээ тээх бэлтгэлээ базаав.
-Эмчилгээ, суулгах, тээх төрөх, хөхөөр хоолох гээд жил гарны ажил болно шүү дээ гэж хэлсэн эмчлэгч эмчийн үгэнд балмагдан “Бүтэн жил гаран, хайран цаг хугацаа минь” гэж бодсон ч зөвшөөрсөн билээ. Яагаад ч ийм хэмжээний мөнгийг жил гаранхан хугацааны дотор олно гэдэг хэцүү тул арга барагдсан хүнд алтнаас үнэтэй амь бие, ариун хэвлийгээ тэдний өмнө дэвсэх хэрэгтэй гэдгийг ойлгож байв. Оргилын эх тусдаа амьдардаг бололтой хааяа л нэг энэ байшинд ирнэ. Мөнөөх хүүхдийнх нь эцэг болохоор хүлээж буй Оргил түүнтэй анх уулзахдаа л хальт танилцаад,
-Манай ээжийн хийж байгаа ажил гэж хайнгадуухан хэлээд өнгөрчээ. Оргил ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг бололтой өглөө гараад шөнө ирнэ. Зарим өдөр бүр ирэхгүй. Зарим үед гоё ганган эрчүүд дагуулж ирнэ. Тэд нь нэг их удахгүй солигдоно. Үнэндээ Сарнай түүний юу хийж байгааг сонирхдоггүй байв. “Бурхан түүнд ийм л тавилан оноосноос хойш яах билээ. Бид аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж аваад сурчихвал их олон зовлонгоос ангижрана даа” гэж бодно. Оргил сүүлийн үед гэрт нь суудаг болсон сүг сүүдэр шиг бүсгүйг тоож харах ч үгүй.
Үр шилжүүлэн суулгах тэр нэгэн өдөр л эх хүү хоёул түүнтэй хамт явж эмнэлэгт очсон юм. Ингэж л тэдний гэр бүл хамт байхыг харсан билээ. Тэгэхэд ээж хүү хоёр ч хоорондоо хэчнээн хүйтэн хөндий улс болохыг хөндлөнгөөс хараад гайхаж байлаа. Нэг их юм ярихгүй, ихэнхдээ л чимээгүй байдаг улс бололтой. Хачин юм шүү. Юу ч үгүй хов хоосны дунд ч хүмүүс биесээ хайрлаж халуун дулаан амьдарч болдог. Тэдэнд мөрөөдөл байдаг. Гэтэл хүссэн зүйлээ бүхнийг авсан энэ айлд аз жаргал ирсэнгүй. Тэд ер ахин юуг авбал жаргах юм бол. Эд баялаг гэдэг хүний аз жаргалыг эмтэлж хэмхэлсээр байгаад дуусгачихдаг юм уу, хэн мэдлээ.
Үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа хэдэн хоногийн турш хэвтрийн дэглэм барьсан Сарнайг дахин эмнэлэгт очихоор явахад нь тэдний хэн нь ч хамт явсангүй. “Хачирхалтай шүү. Тийм л их үр хүүхэд хэрэгтэй болсон улс чинь түүнийхээ төлөө явдаггүй юм уу? Би ямар айраг цагаа тээх гэж яваа сав суулга биш дээ. Хүүхдийг нь тээх гэж явна” хэмээн харамсан бодсон ч түүнд энэ айлд гомдох эрх бий билүү гэх бодол тайвшруулсан юм.
Ашгүй эмчилгээ амжилттай болж Сарнай бие давхар болжээ. Энэ баярыг хэнтэй хуваалцах учиртайгаа ч ойлгосонгүй. Ерөөс Сарнай юу ч ойлгосонгүй. “Алсад суугаа муу ээждээ хэлэх үү, аваад очихгүй шүү дээ, би энэ хүүхдийг. Ерөөс би энэ хүүхдийн юу нь ч биш юм чинь” гэх бодол гол горойлгоно. Гар утсаа аваад Оргилын ээж рүү залгав.
-Эгч ээ, би жирэмсэн болжээ гэж арайхийн хэлсэн Сарнайд харилцуурын цаанаас,
-За ашгүй. Сайн байна. Одоо бушуухан очоод хэвт. Үгүй ээ үгүй, их хэвтэж болохгүй, хүүхэд гэдсэндээ томорно. Чи жаахан хөдөлгөөнтэй байсан нь дээр. Би хэд хоногоос очно гэж хэлээд утсаа таслав. Яачихсан улс гэж ийм байдаг юм бүү мэд. Энэ мэдээнд баярлах ёстой хүмүүс нь ч баярлахгүй. Оргил руу залгав.
-За сайн байна. Ээжтэй яриарай гэж хэлээд бас л утсаа салгав. Ийм л товчхон ярианы дараа Сарнай энэ баяр гунигаа хуваалцах өөр хүнийг бодоод бодоод олсонгүй. “За яахав дээ, ганцхан жил. Би ямар эднийд насаараа суух гэж байгаа биш. Цаг хугацаа хурдан өнгөрдөг юм чинь даваад гарна даа” гэх бодлоор өөрийгөө хатуужуулсан бүсгүй энэ өдрөөс хойш эцэгтэй хэрнээ эцэггүй хүүхэд тээж яваа ганц бие бүсгүйн адилаар амьдарч эхлэв. Түүний хэвлийдээ анхны үрээ тээгээд юу мэдэрч байгааг бүү хэл, жирэмсний хордлого өгч, хоол унднаас гарч, тамирдаж, ганцаардаж, цөхөрч байгааг энэ хорвоо дээр хэн ч мэдсэнгүй. Дотор нь сууж байгаа байшингийн хана, тавилга сав хүртэл түүнийг үл тоосон мэт хүйтэн хөндий. Тэднийхээр орж гардаг хүн гэвэл өнжөөд нэг ирдэг гэрийн үйлчлэгч ахимаг эмэгтэй. Түүнтэй аажимдаа танилцаж ганцаардлын их далайгаас хөвөн гарч амьсгаа авах шиг болно. Оргил бараг түүнийг тоохгүй, тоогоод ч яах билээ. Ээж нь хааяа л ирнэ. Ирээд эмчид үзүүлсэн эсэх, хоол унд ойр зуурхан асууж байгаад явна. Энэ хүмүүсийг эс тооцвол Сарнай эзгүй арал дээр ганцаараа амьдарч байгаа юм шиг л байв.
Харин цаг хугацаа өнгөрөх тусам, өдөр хоног орчих тусам энэ мэдрэмж бага багаар сарнисаар байгааг тэр анзаарч эхэлжээ. Гэдэс нь бага багаар томрохын хэрээр Сарнай орь ганцаараа биш, ганцаардал түүнийг бүчсэн ч дотроос нь үл мэдэх нэгэн амь ээжийгээ аргадан тайвшруулаад байх шиг мэдрэмж төрж эхлэв. Ийн цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг өөр нэгэн хүч соронз мэт татаад, ерөөс энэ хорвоогийн ямар ч зовлонтой нүүр тулмаар, бас эвлэрмээр болж эхлэв. Гол нь тэр үргэлж хамт, хаа явсан газар нь түшиг тулгуур, хань бараа болж буй мэт санагдан тайвшрана. Сарнай үл таних дотоод нэгэн аялгууны эзэнд алгуур алгуураар дасаж, түүнээс урд өмнө мэдэрч байгаагүй аз жаргалыг мэдрэх болов. Гэдэс нь томрох тусам тэр ганцаарлдыг мартсаар байв.
Хэрхэн барна даа гэж бодож байсан цаг хугацаа барагдах дөхөж Сарнай төрөхөөр түргэний тэргээр эмнэлэгт очиход нь харин эх хүү хоёр араас нь ирчихсэн хүлээж байгааг мэдээд бараг тэднийг анх удаагаа уучлан бодож, уяран хайлсан юм. Төрөхийн өвдөлт, аймшигт мэдрэмжийн дунд ч тэр ганцаардаагүй, гадаа нь ямар ч гэсэн түүнийг гэх хоёрын хоёр хүн хүлээж байгаа гэж бодоход сэтгэл нь өег байв.
-Хүү төржээ. Хүүтэй боллоо шүү дээ хэмээгээд улаан нялзрай хүүхдийг тэврэн энгэрт нь наасан сувилагчийн нойтон гартай хамт нялх хүүгээ тэврэн, духан дээр нь үнсэхэд сувилагч хүүхдийг цааш авч явав. Яг энэ үед л өнөөх хорвоо ертөнц дээрх цор ганц хань болсон үрийг нь ингээд л аваад явна шүү дээ гэх бодол голоос нь гогдоод авах шиг болоход өөрийн эрхгүй төрхийн орон дээр өндийн суугаад,
-Миний хүү, миний хүүг яах нь вэ хэмээн нулимс дуслуулан асуув.
-Санаа зоволтгүй дээ, хүүхдийг чинь бид яах ч үгүй гэж хэлээд инээмсэглэсэн сувилагчийн царай Оргилын ээжийн царайгаар солигдож, хүүхдийг ардаа нууж байгаа юм шиг харагдахад,
-Үгүй ээ, наашаа...надад өгөөч хэмээн гараа явуулан нулимс дуслуулав.
-Зүгээр дээ. Хүү чинь яах ч үгүй. Бид угааж, цэвэр өлгийд өлгийдөөд тасагт чинь хүргэж өгнө гэж хэлэх сувилагч эмэгтэйн дуунаар л Оргилын эх биш түрүүний сувилагчийн царайг олж харав.
Ийн Сарнай өөр нэгэн зовнилтой нүүр тулснаа мэдэрчээ. Хэзээ нэгэн өдөр тээж төрүүлсэн үрээсээ хагацна гэж бодохоор өөрийгөө чухам юу хийчихсэнээ эргэн бодов. Ингээд л зовж ганцаардаж, арьс махаа урж тасдаж, тээж төрүүлсэн үрээ үлдээгээд явна гэж бодохоос өнөөх л хүйтэн хөндий байшин, доторх тавилгууд хүртэл халуун дулаан болчихсон юм шиг, ижил хүйстэн Оргил эхтэйгээ хамт хайрламаар ойрын хүмүүс, хамаатан садан, үгүй ээ гэр бүл нь юм шиг халуун дулаан санагдах болов. Сарнай эл бүгдэд дасжээ.
Хүүгээ гурван сар хүртэл хөхөөр хоолоно гэсэн хатуу чанга эхийн болзлоор гэрт нь амьдрав. Хүүгээ харахаар л хагцаж саламгүй, хорвоогийн хамгийн нандин бэлэг өвөр дээр нь ирсэн санагдана. Урд нь тоодоггүй байсан эх хүү хоёр ч өнөөх бяцхан амьтныг төрснөөс хойш ааш зан нь арай зөөлрөв. Үнэндээ энэ айл аз жаргалаар дүүрэх тусам ганцхан хүний сэтгэл хоосорч байгааг тэдний хэн нь ч мэдэрсэнгүй.
Нэгэн өдөр Оргилын эх өөр нэгэн эмэгтэйн хамт орж ирээд түүний өмнө цүнхтэй мөнх тавиад,
-Цаг нь боллоо. Одоо бид өөрсдөө хүүхдээ өсгөнө хэмээснээ нөгөө эмэгтэйг зааж,
-Чи санаа зоволтгүй. Энэ эмэгтэй хүүг маш сайн асарна гэж хэлэхэд л сая явах ёстойгоо, хайртай үрээсээ, дасал болсон энэ газраас хагацах ёстойгоо ойлгов. Гэхдээ гав ганцаараа. Зовж шаналсан зүрх, өвдөж шархалсан биеийн төлбөр цүнхтэй мөнгө. Сарнай зүгээр л хүүхдээ хүнд зарчихаж байгаа мэт огиудаст мэдрэмжийг авахдаа л хүүгээ энгэртээ чанга тэвэрч духан дээр нь сүүлчийн удаа удаан үнсэв.
-Аан тийм. Гэрийн түлхүүр ширээн дээр үлдээгээрэй гэж хайнгадуухан хэлсэн эмэгтэй дагуулж ирсэн бүсгүйн хамт өрөөнөөс гарахдаа,
-Чамайг гараад хүлээж байя гэж хэлээд өрөөнийх нь хаалгыг хаав. Сарнай хүүгээ тэврэн хэсэг суув. Өлгийг нь задалж өхөөрдөм төрхийг нь эцсийн удаа харж, үнсээгүй газар үлдээхгүй гэсэндээ энхрий нялх биеийг нь хайрлан хайрлан үнсэв. Гэнэт хүүгээ чухам хаана ямар хүмүүсийн дунд үлдээж буйгаа эрэгцүүлэн бодоход Оргилийн дагуулж ирдэг үл таних залуусын зүс царай нүднийх нь өмнө тодров. Энэ л үед Оргилийн ээжийн “Чи эх хүн болсон цагтаа л миний зовлонг ойлгоно доо” гэж хэлсэн үг тархинд нь цуурайтана.
Ашгүй тэд яаруулсангүй. Хүн юм чинь хүүхэддээ дассан эх хүнийг ойлгосон биз. Ус уухаар өрөөнөөсөө гарвал тэд буйдан дээр ярилцаж суугаа харагдана. Өрөөндөө эргэж ороод сая Оргилын ээжийн авч ирж тавьсан цүнхтэй мөнгийг олж харав. Зуун тавин сая төгрөг. Энэ зуур хүү уйлагнахад хөхөө хөхүүлж унтуулаад босон очиж цүнхийг нээтэл түүний амьдралдаа харж байгаагүй их мөнгө харагдана. “Энэ мөнгөөр хоёр өрөө байр аваад, ээжийгээ авч ирнэ” гэж бодоход алсад суугаа муу ээжийнх нь дүр төрх нүднийх нь өмнө ургах шиг болов.
-Түлхүүр ширээн дээр үлдээлээ. Хүүг унтуулчихлаа. Одоо хэсэг унтана аа. Би явья даа хэмээн хэлээд цүнхтэй мөнгө, жаал жуулхан ачаагаа аваад гарсан Сарнайтай зөрөн хүүхдийн өрөөний хаалгыг нээсэн Оргилын ээж орон дээрээ унтаж байгаа өлгийгтэй хүүг хараад сая тайвшрав бололтой,
-За охин минь. Биеэ бодож яваарай. Чамд баярлалаа гэж хэлэхэд нь “Энэ эмэгтэйгээс сонсож байсан хамгийн сайхан үг энэ л болов уу” гэж бодлоо. Сарнай энэ айлыг, энэ байшинг, энэ хүмүүсийг үүрд орхин үүд хүртэл аяархан алхав. Байшингаас гараад эргэн эргэн харсаар булан тойроод гудамж уруудан гүйв. Ийн гүйж явахдаа там диваажингийн дундуур үйлийн үрээ үүрч дүүрээд дэгдэж яваа мэт санагдана.
Энэ зуур хүүгийн өрөөнд орсон асрагч эмэгтэйн муухай хашгирах дуунаар Оргилын эх өрөөнд явж орвол өрөөний голд буй хүүхдийн модон орон дээр түнтийж байсан өлгий задарчээ. Ойртон очвол ороор дүүрэн боодолтой мөнгө хэвтэж байхыг харсан эмэгтэй,
-Мөнгө өлгийдчихөөд хүүгээ аваад явчихжээ, чи харж байхгүй үхсэнээ хийж байсан юм бэ гэсээр өрөөнөөс гарч, шатаар уруудан, байшингаас гүйн гарч гудамж дүүрэн хашгирав. Эзэд шигээ эргэн тойрноо анхаарахыг хүсдэггүй, хүний бараагүй хүйтэн хөндий байшингууд анир чимээгүй дүнсийх нь яахаа мэдэхгүй сандарсан эмэгтэйчүүдийг тохуурхах мэт.
Энэ хорвоо дээрх нүүдэл холын аянаас жигүүр цуцтал дэвэн эх нутгийнхаа төрж өссөн нууранд золгохоор ганганалдан нисэх шувуудын жаргал хүмүүн төрлөхтнөөс хувь илүү ажээ. Зовлон жаргал, эд хөрөнгө, үйлийн үрийн цавчлагаас үл эмээн ангир цээжиндээ амиа үрслүүлэн тэвэрсэн нялх үрийнхээ төлөө янзагатай шарагчин шиг дэгдэж яваа эх үрийг нууцлах гэсэн шиг бүүдэн тэнгэрийн хаяа сөхөн будангуйрах азарган бороо цайрч, ганц нэг хаялах бороон дусал шивэрч эхлэв. Эхийн сэтгэлийг өөрчлөх зүйл энэ орчлонгийн өнгө мөнгөнд үгүй гэдгийг мэдрүүлэх шиг ирж яваа цагийн гэрэл сүүдэр тэдний өмнүүр сүлэлдэн байлаа.
Бямбаагийн САРАНТУЯА
2021 оны 1-р сарын 7
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.