МҮХАҮТ болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран зохион байгуулсан "COVID-19 Цар тахлын дараах бизнесийн орчин: Сорилт ба Боломж" нийтлэлийн уралдаанд ирүүлсэн сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Эдийн засгийн сэтгүүлчдийн энэ онд хамгийн их хөндөн бичсэн сэдэв цар тахал, түүний хор уршиг, нөлөө байв. Бизнесийн орчинд одоо ч цар тахлын үр дагавар мэдрэгдсээр. Ажилгүй, орлогогүй болсон аж ахуйн нэгж, ажлын байраа алдсан олон мянган иргэд өнөөдөр хямрал, хүндрэлийн хатуу сорилтыг амссан хэвээр.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь 60 гаруй гишүүнтэй бөгөөд 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, сургах чиглэлд тус клуб анхаарч буй. Клуб жил болгон шилдэг бүтээлийн уралдааныг тогтмол зохион байгуулж, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах, өрсөлдөөн бий болгох, суралцах, хөгжих боломжийг олгож ирсэн.

Сэтгүүлчдийн бүтээлийг эмхэтгэх санаачилгыг дэмжиж, уншигчдын гарт хүргэх боломж олгосон МҮХАҮТ-ын удирдлагуудад талархал илэрхийлье. Нийтлэл, ярилцлага, сурвалжилга гээд сэтгүүл зүйн бүхий л төрөл энэхүү эмхэтгэлд багтлаа. 

Хувийн хэвшлийн дуу хоолой болсон Танхимын 60 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Эдийн засгийн сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэлийг "Монголын худалдааг дэмжих төсөл"-ийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн байна.