Ширээн дээр тавьсан хөрсөн кофеноос залгилахад тэр гарнаас минь аваад "Би шинээр чанаад өгье" гэлээ. Түүний араас шилэн хүзүүг нь харж зогсов. Нэг гараараа нөгөө гараа бариад "Хичээнэ ээ" гэсэн үг тархинд бууна. Ямар хүний тавилан гэхээрээ над шиг хүнийг дэргэдээ байлгаад "Би аз жаргалтай байна" гэж хэлдэг юм бол хэмээн түүнийг өрөвдөн бодлоо. Би төгс, гоё сайхан, ганган хээнцэр эмэгтэй биш байлаа. 

Орсон гарсан өрөөний  хаалгаа  онгорхой орхино. Харин тэр "Бидэнд хаалга хэрэггүй. Бүгдийг нь аваад хаячихья" гэж хошигноно. Орсон гарсан өрөө болгондоо аягаа орхино. Харин тэр "энд тэндгүй аяганы шүүгээтэй болчихье" гэв. Орсон гарсан өрөө болгонд нүдний шилээ үлдээчихээд түүнээс асууна. Харин тэр линз авчирч өгөв.  Өөр нэгэн харвал юутай уймраа амьтан бэ гэмээр.

Миний ааштай, дуу цөөтэй, зожигийг бусад хүмүүс гайхна. Харин тэр л ганцаараа миний дэргэд инээж "Чи ёстой хөгжилтэй юм аа" гэнэ. Хүүхэлдэйн кино үзээд уйлж суухад минь тэр алчуур дөхүүлж өгөөд "Маргааш инээлгэдэг кино авна аа" гэв. Яарснаас болоод түлчихсэн хоолыг тэр л идэж янзын амттай гэнэ. Өлсөж яваад гэнэт идсэнээс болсон уу найзуудын оройн хоолон дээр  санаандгүй хэхэрчихээд санаа зовсондоо нүүр улайж суухад тэр албаар дагаж хэхрээд хоолны амттайг магтав. 

Толинд харж зогсов. Хөх сулраад байна уу даа, хүзүүнд үрчлээ гарчихаж, таргалаад байна. Бүсэлхийгээр тэвэрхэд бүдүүн байгаа байх даа. Хажууд сууж байгаа эмэгтэй яасан ч царайлаг юм. Тэр бас тэгж бодож байгаа болов уу.... Ийм бодлуудыг тэр ганц инээмсэглэлээрээ үргээчихэв. Тэгээд гараа өгөөд "Чи хүсвэл миний гарыг атгахаа больж болно. Харин би чамайг тавихгүй. Энэ гарыг атгахын тулд л би амьдарч байгаа юм байна гэдгээ ойлгосон" гээд нухацтай хэлэв. Түүнийг магтаал хүч өгч, түүний хайр амьдралд зоригжуулна. Би инээдэг, дүрэлзэн асдаг, онгирдог, баярлан хөөрдөг эмэгтэй байж. Би түүний дэргэд бүтэн болж, би түүний дэргэд өөрийгөө танив.  Хайрлагдсан эмэгтэй хүн бардам, зоригтой, хүчтэй, итгэлтэй, сэтгэлтэй, хүнлэг байдгийг ойлгож суув.