Мэдээлэл, технологийн үндэсний парк /МТҮП/-ын захирал Э.Цогтгэрэлтэй ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө товч танилцуулна уу.

- Намайг Эрхэмбаярын Цогтгэрэл гэдэг. Мэдээлэл харилцаа холбооны салбарт оюутан байхаасаа буюу Нээлттэй нийгэм хүрээлэнгийн “Интернэт олон нийтийн төв”, “Нээлттэй вэб төв”, “дот Эм Эн” буюу “.MN” хэмээх нэртэй анхны мэдээллийн технологийн сэтгүүлийн редакциас ажлын гараагаа эхэлж технологийн чиглэлээр бизнес эрхэлдэг. Одоогоор Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн захирлаар ажиллаж байна.

- Та ихэвчлэн хувийн хэвшилд ажиллаж байсан гэлээ. Тэгэхээр төрийн өмчтэй аж ахуйн байгууллагад ажиллахад ямар санагдаж байна. Ер нь хэр удаан ажиллаж байна.

- Энэ албан үүрэгт ажлыг аваад 1,8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Миний хувьд дээр дурьдсанаар Нээлттэй вэб төв буюу анхны компьютер, мэдээллийн технологийн талаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажлыг анх 1996 онд энэ Ай Ти Паркийн нэгдүгээр давхраас эхэлж байсан. Иймд ажил амьдралын минь замналтай энэ байгууллага салшгүй холбоотой. Тиймээс ч МТҮП-ийг мэдээллийн технологи, гарааны компаниудын хөл тасардаггүй олон хөлийн газар болгох мөрөөдөлтэй. Мэдээж төрийн өмчтөй аж ахуйн нэгжид ажиллаж эхлэхэд амаргүй нь анх ажил авахаас эхлээд л мэдрэгдэж байсан. Олон нийт төрийн өмчтэй аж ахуйн нэгжийн талаар маш их шүүмжилдэг тул яг мэдэрье гэвэл дотор нь ороод үз л гэж хэлнэ дээ.

- МТҮП буюу бидний хэлж заншсанаар Ай Ти Парк яг юу хийдэг байгууллага вэ? Иргэд энэ талаар тодорхой ойлголт муутай байдаг.

- МТҮП нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын байгууллага. Тус байгууллага нь инновацийг бий болгох гарааны бизнесийг дэмжих тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн инкубатор ажиллуулах, төр болон хувийн хэвшлийн мэдээллийн технологийн хүний нөөцийн чадавхийг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын түвшний мэргэшсэн сургалт, шалгалтын системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

- Сүүлийн үед гарааны бизнес гэж хүн бүр ярих боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй ойлголт өгнө үү. Мөн Ай Ти Парк энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

- Гарааны бизнес буюу Стартап-ын талаар маш олон зөрүүтэй ойлголт байдаг, дэлгэрэнгүй ярьвал нилээд цаг орох байх. 

Маш энгийнээр тайлбарлавал, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгож өндөр үр ашгийг бий болгох зорилготой иргэд, бүлэг хүмүүсийн санхүүжилт босгоход чиглэсэн үйл ажиллагаа юм. 

Манайхан бүр жижиг бизнес эхлэх буюу ЖДҮ-тэй ч хольж хутгаж ойлгоод байх шиг. Илүү технологи, инноваци суурьтай бизнес юм. Ай Ти Паркын хувьд 2003 оноос МТ-ийн бизнес инкубаторын үйл ажиллагааг МУ-д анх эхлүүлснээс хойш өөрийн инкубатороор дамжуулан өдийг хүртэл 120 гаруй компанид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд хөлөө олоход нь дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Харин намайг ажлаа авахад манай инкубаторт ердөө дөрвөн л гарааны компани байсан. Ажил авснаас хойш энэ талаар хамт олныхоо хичээл зүтгэлээр 20-иод гарааны компанийг инкубатортоо элсүүлээд байна.

- Сонирхолтой тоо байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд гэхэд ихээхэн өсөлт гаргажээ. Ай Ти Паркаас гадна төр, хувийн хэвшлийн олон инкубаторууд бий болсон байх шиг байсан. Өрсөлдөөн их байна гэсэн үг үү?

- Hub innovation center, M-office, Socratus studio, Startup Marketing Space гэх мэт олон ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байна. Өрсөлдөөнтэй гэж хэлэх боломжгүй. Яагаад гэхээр гарааны бизнес дэмждэг экосистем нь бүр эхлэлийн буюу анхан шатны түвшинд бүрэлдэж бий болж байна. Бидний харж буйгаар энэ чиглэлээр маш олон байгууллага, экосистемүүд бий болох хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Манай байгууллагын хувьд нэг талдаа төрийн өмчтэй учраас оффис талбайг бусад төрийн байгууллагууд болон үйл ажиллагааны чиглэлийн бус байдлаар ашиглуулах байдал хэт хавтгайрсантай хатуухан хэлэхэд тэмцсээр үнэндээ 1 жилийн нүүрийг үзлээ. Тэр хэмжээгээр гарааны компаниудыг инкубаторт элсүүлэх боломжийг нээж өгсөн.

- Ай Ти Парк-д миний мэдэхийн Интерактив, Ай Си Ти групп гэх мэт олон МТ-ийн компаниуд байдаг. Тэд бас гарааны компани гэсэн үг үү?

- Ай Ти Паркийн нэг үндсэн чиглэл нь МТ-ийн компаниудын төвлөрлийг  бий болгох юм. Тийм ч үүднээсээ эдгээр компаниуд нь бизнесийн зарчмаараа түрээсээ төлөөд ажил үйлчилгээгээ үзүүлдэг. МТ-ийн компаниудын төвлөрлийг бий болгосноороо бусад гарааны компаниудтай нетворкинг хийх, хамтарсан сургалт, бусад үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.

- Startup World Cup 2021 арга хэмжээний Монголын бүсийн шалгаруулалтын шүүгчээр та ажиллаж буй юм байна. Энэ арга хэмжээний талаар товч мэдээлэл өгвөл?

- Startup World Cup 2021 арга хэмжээ нь дэлхийд цар хүрээгээрээ хамгийн томд тооцогдох гарааны бизнесийн цомын тэмцээн юм. Энэ арга хэмжээнд дэлхийн 60 гаруй улсаас гарааны компаниуд улсаа төлөөлөн оролцдог. Ялсан компани нь 1 сая долларын үнэ цэн бүхий шагнал хүртдэг томоохон арга хэмжээ.

Энэ үйл ажиллагааны финалын шат нь 11 дүгээр сард АНУ-ын Цахиурын хөндийд болох бөгөөд Монголын 10 шилдэг стартап-аас 1 стартап шалгарч, улсаа төлөөлөн оролцоно. 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол фэйсбүүкийн Startup World Cup Mongolia хуудаснаас болон https://exponential.partners/swc2021/-аас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. МТҮП-ийн хувьд энэ арга хэмжээнд Government partner буюу Стратегийн түншлэгчээр хамтран ажиллаж байна.

- Маш сайхан мэдээ байна. Монголоос дэлхийн ийм том арга хэмжээнд оролцох боломж нээгдэж байна гэхээр. МТҮП-ийн зүгээс уг арга хэмжээнд ямар оролцоотой оролцохоор төлөвлөж байна вэ?

- Одоогоор дээрх хаягаар энэ шалгаруулалтын Монголын бүсийн шалгаруулалтад орох компаниудыг бүртгэж байгаа ба 4 дүгээр сарын 19-н хүртэл материал аваад 4 дүгээр сарын 26-нд питч хийх 10 компанийг шалгаруулан 5 дугаар сарын 7-ны өдөр шалгаруулалт нь онлайнаар явагдах төлөвлөгөөтэй юм. 

МТҮП-ийн хувьд гарааны бизнесийн инкубатор, МТ-ийн сургалт, шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагын хувьд уг арга хэмжээний стратегийн түншлэгчээр ажиллаж, Монголын бүсийн шалгаруулалтад оролцсон компаниудын эхний байруудад оролцсон компанид инкубаторын дэмжлэг, бусад ямар боломжоор дэмжлэг үзүүлэх боломж байна үзүүлье гэсэн байдлаар зохион байгуулагчтай харилцан ярилцаж байгаа.

- МТ-ийн инженерийн суурь шалгалтын үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Энэ талаараа илүү дэлгэрүүлбэл?

- Сүүлийн 20-иод жилд Япон, Сингапур, БНСУ-ын албан ёсны эрхтэй байгууллагуудтай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгддөг МТ-ийн шат шатны шалгалтуудыг зохион байгуулж ирсэн. Энэ нь салбарын МТ-ийн мэргэжилтнүүдийг бэлдэх, хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан цаашид ч оруулна гэж найдаж байгаа юм.

- Ай Ти Парк-д хичнээн хүн ажиллаж байна вэ? Байгууллагын хамгийн гол үнэт зүйлүүдийн нэг нь хүний нөөцийн асуудал байдаг.

- Тиймээ. Манай байгууллагад одоогоор 34 ажилтан байна. МТ-ийн болон гарааны компаниуд, зарим төрийн байгууллагуудын аж ахуйн үйлчилгээг хангах зорилготой тул нийт ажилтнуудын тал хувь нь үйлчилгээ, аж ахуйн чиглэлийн ажилтнууд. Үлдсэн нь шалгалт, сургалт, инкубатор зэргээ хариуцан ажилладаг. Цомхон хэрнээ залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй багтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг.

- МТҮП-ын үйл ажиллагааны талаар ярилцаад байвал дуусахгүй шинжтэй. Танд ярилцлагын эцэст хэлэх ямар нэг зүйл байна уу.

- Үйл ажиллагааны талаар олон асуудал яригдаагүй үлдлээ. Би зөвхөн зах зухаас нь л мэдээлэл өгөхийг оролдлоо. Цаашдаа МТҮП-ын хийж байгаа ажлуудаа олон нийтэд хүргэх нь чухал байгаа юм. Энэ тал дээр сэтгүүлч та бүхэн ч анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Манай инкубаторын компаниудын хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, МТ-ийн шат шатны шалгалтууд, Ай Ти Хаб дундын оффис гээд яримаар зүйл их байвч энэ удаадаад ингээд өндөрлөе.

- Удахгүй ахиад уулзаж ярилцана гэдэгт найдаж байна.