Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас олгодог, төрсний болон гэрлэсний зэрэг 26 төрлийн лавлагааг үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д шилжүүлсэн талаар өчигдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас олгодог 23 төрлийн лавлагаа, гурван төрлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр цахимаар авах боломжтой. 

Үйлчилгээ авсан иргэдийн цөөнгүй нь иргэний үнэмлэхээ дахин захиалжээ.

Саяхнаас уг системээр дамжуулан гадаад паспортыг дахин захиалах боломж бүрдлээ. УБЕГ-ын burtgel.mn сайтын бүх лавлагааг мөн эл системд оруулсан” гэв. Зарим үйлчилгээг ийнхүү цахим хэлбэрт шилжүүлснээр ирэх сарын 1-нээс иргэний лавлагааг Зуун айл дахь Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас олгохоо зогсоох аж. 

Тодруулбал, иргэд шаардлагатай лавлагаагаа www.e-mongolia.mn цахим хуудаснаас авч болох нь. Түүнчлэн ТҮЦ машинаас 10 төрлийн лавлагаа авах боломжтой. Мөн нийслэлийн есөн дүүрэг болон “Дүнжингарав”, “Оргил”, “Мишээл”, “Драгон” худалдааны төв, Баянхошуу, хорооллын “И-март”-д өөрийн биеэр очиж, үйлчлүүлж болно.

“E-Mongolia” аппликэйшнийг одоогоор 50 000 гаруй иргэн гар утсандаа суулгасан бөгөөд 252 хүн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэх захиалжээ.