Монголын үндэсний сайн дурынхны чуулган боллоо

Н.Жавхлан
12 сарын 05, 2024

Жил бүрийн 12 сарын 05-ны өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны өдөр буюу Олон улсын сайн дурын ажилтны өдөр (IVD) хэмээн дэлхий нийтээр тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний сайн дурынхан “People Power” уриан дор олон улсын нийтлэг стандарт, туршлага, хамтын ажиллагааг  шийдвэр гаргагчид, олон нийтэд  танилцуулах, тулгамдсан асуудлаа хэлэлцэх зорилгоор нэгдсэн чуулганаа өнөөдөр хийлээ.

Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн зөн”, “Улаан загалмай нийгэмлэг” зэрэг 500 гаруй сайн дурынхан оролцож байна. 

2024 оны байдлаар үндэсний хэмжээнд нийт 10,000 гаруй сайн дурынхан 5.600.000.000 төгрөг \Таван тэрбум зургаан зуун сая\-өөр үнэлэгдэх нийгэмд тустай ажил үйлчилгээг хийгээд байна. 

 Мөн чуулганаар, “Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох нь” “Ирээдүй өөд” Хүүхэд залуучуудын сайн дурын үйл ажиллагааны хэрэгцээ, “Сайн дурын үйл ажиллагааны инноваци хөгжүүлэлт”, “Сайн дурын үйл ажиллагааны бодлогын нөлөөлөл”, “Сайн дурын үйл ажиллагаанд иргэний нийгмийн үүрэг оролцоо, залуучуудын манлайлал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

МУЗН-ИЙН ЕНБД Н.БОЛОРМАА: 

Сайн дурын үйлс бол хэн нэгний гуйлт, заавраар биш бие сэтгэлээсээ хийдэг, хүмүүнлэгийн үйлсийн тулах хүч, дэлхийн хамгийн том хүч бол сайн дурын үйлстнүүд. Сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуус хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй, өргөнөөр оролцдог болж байна. Одоо дунд үеийнхнийг татан оролцуулах хэрэгцээ бий. Хүмүүнлэгийн үйлстнүүд багадаа долоо хоногт 6 цаг, сард 100 гаруй цагаа зориулдаг судалгаа бий. 

МУЗН сар бүрийн 01-ний өдрийг хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулагчдад талархлаа илэрхийлдэг өдөр болгож байна.МУЗН зөвхөн энэ онд 75 000 хүүхэд залуучуудаар эгнээгээ өргөжүүллээ. Бид байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах, эрсдэлийг урьдчилан тооцох, хохирол багатай даван туулах  энэ аргад хүүхэд залуусыг сургахад түлхүү анхаарч байна.  


Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ:

 Үндэсний сайн дурынхны чуулганд байгууллагаараа хүрэлцэн ирж оролцож байна.  Бид өөрсдийн боломжоо ашиглаж иргэд, олон нийтэд нөлөөллийн ажил зохион байгуулж, сайн дурын ажлыг манлайлж хийх тал дээр орон нутагтаа нэлээн олон ажлыг санаачилж байгаа. Тухайлбал дээрэлхэлт, амиа хорлолт зэрэг найман төрөл агуулгын хүрээнд тоо, статистик мэдээ, этюд, гэрэл, хөгжим хосолсон ‘Хөшгөө нээ’ жүжигчилсэн сургалт, мюзиклийг Монголд анх удаа хийлээ. 


Нийслэлийн СХД-ийн сайн дурын идэвхтэн, багийн ахлагч П.ОЮУН:

Миний хувьд Дэлхийн зөн, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагад сайн дурын ажлыг 20 гаруй жил хийж байна. Сайн дурын ажил бол бахархууштай сайхан ажил. Шан харамж, цалин байхгүй ч төр олон нийтэд нэмэлт хүч болж байгаагаараа би бахархдаг. 20 гаруй жил ажилласныг минь үнэлж МУЗН, Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хорооноос төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд үнэхээр их баяртай байна.

Холбоотой линк: https://www.facebook.com/VolunteercenterofMongolia

 ЭХ СУРВАЛЖ: Д.ДАВААДУЛАМ  99082638. 

                          Ц.НАНДИНЦЭЦЭГ  99085578.

Холбоотой сэдвүүд

сайндурынхан чуулган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.