ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Ираны алдарт бөх Саид Моллаид Монгол Улсын иргэншил олгожээ.

Монголын иргэн болж, Монголын нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд барилдахаар болсон түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж жүдо бөхийн талаар яриа өрнүүлжээ. Мөн Саид Моллаи саяхан болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг ч урилгаар үзэж сонирхсон байна.

Саид Моллаи улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншлээс татгалзсан, ийнхүү тамирчны замналаа өөр улсаар овоглон үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Тэрээр энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох тэмцээний багт багтсан бөгөөд  манай улсын өмнөөс анх удаа зодоглох юм.