Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа. 

-“Дисковер Монголиа”-гийн энэ жилийн онцлог нь юу вэ?

-Онцлог гэхээсээ илүүтэйгээр цаг хугацааны хувьд илүү таатай нөхцөл үүссэн гэж хэлж болох юм. Олон улсын зах зээл дээр ашигт малтмалын үнэ огцом нааштайгаар өссөн цаг үе таарсан нь илүү содон байна. Чуулга уулзалтын үеэр голлон ярих сэдэв бол үнийн өөрчлөлт. Өмнөх жилүүдэд ямар асуудал тулгарч байсан, цаашдаа яах ёстой, үнийн өсөлт, бууралтыг хэрхэн тааварлах вэ гэх мэт асуудлуудад онцгойлж анхаарна. Үнийн өсөлтөөс гадна нөхцөл байдал дээрдэж байгаа учраас шинэ шинэ төслүүдийн танилцуулга явна. Уламжлал болсон Засгийн газрын цаг гэх мэт арга хэмжээнүүд бий. “Дисковер Монголиа”-гийн хувьд хөрөнгө оруулагчдад зориулсан хурал гэдгээрээ онцлог. Тэр утгаараа олон улсын зах зээлийн байдал, Монгол улс дахь хөрөнгө оруулагчдын эрхийг эрх зүйн орчин гэх мэт салбарын ерөнхий асуудлуудыг хөндөнө. Үүнээс гадна шинэ содон зүйл гэвэл цөмийн эрчим хүч, уран олборлох тал дээр шинэ төслүүдийн танилцуулга хийгдэнэ.

-Оролцогчидын дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчид гэсэн. “Дисковер Монголиа”-д хэчнээн хүн оролцохоор бүртгүүлээд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн нь 260 гаруй хүн байна. Дийлэнх нь гадны хөрөнгө оруулагчид. Гэхдээ бүртгэл хурлын үеэр ч явагдаж байдаг учраас энэ тоо цаашдаа ч нэмэгдэнэ.

-Манай улсын тухайд хөрөнгө оруулагчдын болгоомжилдог хамгийн том асуудал бол улстөрийн тогтворгүй байдал. Жишээ нь яг одоо, тодруулж хэлбэл “Дисковер”-ийн өмнөхөн засаг бужигнаад эхэллээ...?

-Засгийн газар огцрох, огцрохгүй гээд бужигнаантай цаг үе таарсан нь үнэн. Хөрөнгө оруулагчдаас үл хамаарах хүчин зүйл учраас бизнес болон хурлын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Гэхдээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч, бизнес хийж байгаа хүмүүсийн хүсч байгаа зүйл бол тогтвортой байдал. Хөрөнгө оруулагчид нэгдүгээрт эрх зүйн төвшинд, хоёрдугаарт бодлогын төвшинд тогтвортой байдлыг хүсч байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд тогтворгүй гэдэг ангилалд Монгол Улс ороод удаж байна. Мөргөлдөөнтэй, дайн дажинтай улс орныг тогтворгүй гэж тодотгодог. Эрх зүйн байдлыг ч тогтвортой, тогтворгүй гэж ангилдаг. Манайх эрх зүйн байдлын тогтворгүй ангилалд ороод удаж байна.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс манай нөхцөл байдлыг яаж хүлээж авч байгаа вэ?

- Хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээлт их байна. МАН Засгийн эрх барьснаас хойш тогтвортой байх нь гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байсан. Гэвч саяны хэд хоногт шинэ байдал үүсчихлээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад дахиад шинэ хүлээлт үүсчихэж байгаа юм. Засгийн газар огцрох нь хөрөнгө оруулагчдынхувьд шинэ содон зүйл биш болсон. Гэхдээ дараагийн томилогдох Засгийн газар ямар байдалтай байхыг хүлээх үлдлээ. Манайд Засгийн газар уналаа гэхэд хөрөнгө оруулагчид зургаан сараас дээш хугацаанд харж хүлээзнэдэг. Тэр хугацаанд нь дахиад нэг Засгийн газраа унагачихвал бүр хэцүү нөхцөл үүснэ гэсэн үг. 

-“Засгийн газрын цаг”-аар хөрөнгө оруулагчдын саналыг шууд хүлээж авна гэсэн нь анхаарал татаж байна. Шууд хүлээж авна гэдгээ тодруулаач?

-Ер нь “Засгийн газрын цаг”-т яам агентлагаас үйл ажиллагааны төвшинд байгаа хүмүүсийг нь урихыг хичээдэг. Хөрөнгө оруулалт нэмэгдээгүй ч үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад хүндрэлтэй асуудлууд тулгараад байдаг. Тэр асуудлуудыг яам агентлагуудад дуулгаж, ямар арга хэмжээ авах боломжтойг нь сонирхож, цаашид төлөвлөж байгаа ажлуудынх нь талаар мэдээлэл авах зорилготойгоор “Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулдаг. Парламентад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг клуб гэж нээгдсэн учраас УИХ-ын гишүүнийг урьсан байгаа.

-Хайгуулын төслүүд дээр анхаарч байгаа гэж сонссон. Ямар ямар шинэ төслүүд байна вэ?

-Хайгуулын төслүүд олон тоогоор байна. Олон жил ажилласан гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна шинээр хайгуул хийж байгаа, шинээр лиценз авсан компаниудтөслөө танилцуулна. Алт, полиметалын хэд хэдэн ордын танилцуулга хийгдэнэ. Ураны төсөл гэхэд хоёрыг онцолно. Энэ жилийн оролцогчдоос “Занаду майнс” оролцох боломжгүй болсон. Харин “Эрдэнэс ресурс” компани төслөө танилцуулна. “Эрдэнэс ресурс” байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа. Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй геологийн компани. Монголын нөхцөл байдал, эрх зүйн орчны нөхцөл байдал зэрэг дээр их туршлага хуримтлуулсан. Энэ компани ивээн тэтгэгчээр оролцоно. Мөн “Алтан нар”, “Баян хөндий” төслийнхөө явцыг танилцуулна.