Олон улсын түвшний оношилгоо, эмчилгээг эх орондоо авах боломжтой боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Учир нь хамгийн орчин үеийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо эмчилгээний төв ашиглалтад орлоо. Өнөөдөр эмнэлгийн нээлтийн ёслол болсон байна.  

Энд эмчилгээ, оношилгооны аппарат, компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, лаборатори, программ хангамж, хүний нөөц гээд шаардлагатай бүгдийг бэлтгэжээ.

Түүнчлэн энэ эмнэлэг зайн оношлогооны чиглэлээр салбартаа дэвшил авчирна гэж мэргэжилтнүүд үздэг. Орон нутгийн иргэд зайнаас оношлогоо хийлгэж зөвлөгөө авах боломжтой  юм. Тодруулбал, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд үүн дотроо дүрс оношлогоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг багтаасан, зайн оношлогоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв болно.

Удахгүй иргэдэд үйлчилж эхэлнэ. Бидний нэрлэж заншсанаар Сайд нарын эмнэлгийн хойно, Баянзүрх дүүрэгт байрлах энэ эмнэлгийн барилгын  шавыг 2012 онд тавьж, 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн. 2018 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан ч барилгын шугам сүлжээний улмаас хойшилжээ.       

Д.Сарангэрэл: Хорт хавдрын илрүүлэг, эмчилгээнд 30 хүртэл хувийн ахиц гарна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид хамтдаа түүхэн үйл явдлын гэрч болж байна. Эрүүл мэндийн салбарт олон жил царцаагдаж, хүлээгдсэн бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж байна. Түүний нэг нь Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Хоёр улсын хооронд 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээний үр дүнд 2015 онд төсөл эхэлсэн билээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас дахин гурван жил хойшлох нөхцөл байдал үүссэн учраас төслийн удирдах хороо шийдвэр гаргаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрх шилжүүлэх шийдвэр гарган, ажлаа эрчимжүүлэхийг даалгасан.