Францын контемпрари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн прототипийг MN17 Арт галерейн “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-гаар дэлгэн хүргэлээ.

“Монголын гарц” урлагийн төсөл нь Обреновичийн 2016 онд бүтээсэн дэлхийн хэмжээний “Дэлхийн гарц" урлаг, соёлын өвийн төслийн нэг хэсэг юм. 

Энэхүү төслийн концепц нь өөр өөр шашин шүтлэг, соёл иргэншил, улс төрийн үзэл бодолтой дэлхийн хүмүүсийг холбогч болох юм. Дэлхийн улс бүрийг төлөөлж буй гарц нь ижил хэмжээтэй цагираган хэлбэртэй байх бөгөөд тухайн улсын соёл, уламжлалт хэв маягийг агуулсан хээ, судалбарыг агуулсан юм. Уг төсөл нь соёл хоорондын холбоо, эв нэгдлийг бэлэгддэг. “Монголын гарц” бүтээлийг Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга доктор Ж.Баярсайхантай хамтран, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Манибадарын бүтээл Монгол гэрийн тоононы хээнээс санаа авч бүтээсэн. 

Уран бүтээлч Майкл Обренович нь 1979 онд Франц улсад төрсөн бөгөөд бага наснаасаа урлаг, дэлхийн соёл иргэншлийн түүхийг сонирхож ирсэн. Олон улсад контемпрари уран бүтээлчээр ажилладаг бөгөөд олон улсын арга хэмжээ, Франц, Макао, Индонез, Казакстан, Сингапур зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байрлах галерей, алдартай зочид буудлуудад уран бүтээлийн цуглуулгаа толилуулдаг. Түүний уран бүтээлийн чиг хандлага нь «органик» ба «гуманист» хэлбэрээр илэрхийлэгдэх бөгөөд түүний хүсэл тэмүүлэлтэй нягт холбоотой юм. Тэрээр амьдралын утга учир, үнэмлэхүй байдлын эрэлхийлэл, хязгааргүйн талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахыг зорьдог.


Үзэсгэлэнд толиулагдаж буй загварын диаметр нь 1 метрийн хэмжээтэй бөгөөд загвар төслийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаярын бүтээснээр толилуулж байна. Уран бүтээлийн төслийн эх хувилбар нь 4 метрийн диаметртэй цагираган хэлбэртэй бөгөөд Улаанбаатар хотод байршуулахаар төлөвлөж байна. 


Энэхүү загвар төслийн зорилго нь олон нийтэд “Монголын гарц” төслийн санааг танилцуулах бөгөөд үзэсгэлэн худалдаанаас худалдан авч, үндсэн төслийн үйл ажиллагааг дэмжих боломжтой юм. Улс орон бүрийн хувьд энэхүү гайхамшигт бүтээлийг бүтээхэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй. 


Тэд энэхүү төсөлдөө хамтран ажиллаж санхүүжүүлэх байгууллага, хувь хүмүүсийг хайж байгаа аж. Бүх санхүүжилт нь бүтээлийн үйлдвэрлэх, сурталчлах үйл ажиллагаанд зарцуулагдаж, төслийг дэлхий даяар таниулах боломжийг бүрдүүлэх юм.