Мексик улс далайн хөхтөн амьтдыг зугаа цэнгэлийн шоу үйл ажиллагаанд ашиглахыг хориглох үүднээс Зэрлэг амьтдын тухай ерөнхий хуульд өөрчлөлт оруулжээ. 

Энэхүү өөрчлөлт нь далайн хөхтөн амьтдын эрчимтэй үржүүлгийг зогсоох зорилготой юм байна.

Далайн эргийн ойролцоох улс, хотууд далайн амьтдыг жуулчдын сонирхлыг татах, мөнгө олох зорилгоор барьж, эрчимтэй үржүүлэх нь түгээмэл. Амьтны эрх хамгаалагчид эдгээр үйлдлийг амьтны байгалийн жам ёсыг гажуудуулж буй хэрэг хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. 

"Forbes México" сэтгүүлд дурдсанаар дэлхийд даяар ойролцоогоор 3000 орчим далайн гахай баригдаж, цирк, амьтны хүрээлэн гэх мэт ашиг олох зориулалтаар ашиглагддаг байна. Эдгээрийн 250 нь Мексикт байдаг. Нэг далайн гахайнаас жилд 400 мянгаас 2,2 сая доллар хүртэл орлого олдог гэжээ.

Зэрлэг амьтдын тухай ерөнхий хуулийн өөрчлөлтийн үр дүнд далайн хөхтөн амьтдын эзэд 90 хоногийн дотор тооллого хийж, мөн шинэ хуулийг дагаж мөрдөх менежментийн төлөвлөгөө гаргаж,  нээлттэй танилцуулах ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол хөхтөн амьтдыг хадгалах зөвшөөрлийг нь хүчингүй болгох юм байна.

Эх сурвалж: Mexico News Daily