Индонез улс заан унах аяллыг хориглосон Азийн анхны орон боллоо

Индонез улс жуулчдад зориулсан заан унах үйлчилгээг амьтны эрхийг хамгаалах зорилгоор албан ёсоор хориглож, ийм шийдвэр гаргасан азийн анхны орон боллоо.

Тус улс өнгөрсөн арванхоёрдугаар сард хоригийг албан ёсоор олон нийтэд танилцуулж, энэ оны эхнээс хэрэгжилтэд хяналт тавьж эхэлжээ. Балигийн Байгалийн нөөцийн хамгаалалтын агентлагийн мэдээлснээр арлын бүх хамгаалалтын төв, амьтны хүрээлэнгүүд, тухайлбал Bali Zoo, Mason Elephant Park & Lodge зэрэг газрууд нэгдүгээр сарын эцсээр заан унах аялал зохион байгуулахыг  бүрэн зогсоосон байна.

Сүүлийн жилүүдэд иргэд, амьтны эрхийн байгууллагууд заануудыг гинжилж, хүч хэрэглэн жуулчин тээлгэдэг явдлыг эрс шүүмжилж байсан юм. Түүнчлэн амьтны эрхийг зөрчиж буй газруудыг тухай бүрд нь  олон нийтийн сүлжээнд мэдээлэх зэргээр асуудлыг олон нийтийн анхааралд авчирч чадсан нь эрх баригчдыг шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Заан унах нь Балид ирдэг жуулчдад санал болгодог түгээмэл аяллын хөтөлбөрийн нэг бөгөөд өнгөрсөн онд гэхэд тус аралд ойролцоогоор 7 сая гадаадын жуулчин иржээ. 

Тус улс цаашид аялал жуулчлалыг зэрлэг амьтдад халгүй байдлаар хөгжүүлж, амьтдыг зайнаас ажиглах, тэдний амьдралын хэв маягийг танин мэдүүлэх боловсролын хөтөлбөрүүдийг дэмжихээр төлөвлөж байгаа аж.

Амьтны эрхийн PETA байгууллага уг хоригийг “заануудын хамгаалалд чиглэсэн томоохон алхам” хэмээн үнэлж, азийн бусад орныг Индонезийн жишгийг дагахыг уриалжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.