Хүдэрчулууны Хулан
06 сарын 12, 2025
Дэлхийн ургамлын аймагт Монгол орноос “Оюунмаагийн Ортууз” нэртэй шинэ зүйлийг бүртгэжээ. Буурцагтны овогт хамаарах Ортууз (Oxytropis L.) нь дэлхийд 600 орчим зүйлтэй томоохон төрөл юм. Монгол Усад өдгөө 100 зүйлийг бүртгэснээс 12 нь унаган, 36 нь завсрын унаган зүйл байдаг. "Оюунмаагийн Ортууз" бол Монгол орны унаган ургамал.
Хөвсгөлийн уулын тайгын тойрогт ургадаг бөгөөд МУИС-ийн биологийн ангийг Ургамал судлаач мэргэжлээр төгссөн, доктор, ургамал судлаач Ж.Оюунмаа 1986 оноос одоог хүртэл Хөвсгөл нутагтаа амьдарч, Хөвсгөлийн ургамлын аймаг, ургамалжилтын судалгааг хийсээр иржээ. Ургамал судлаач Жамсрангийн Оюунмаа 2023 оны долдугаар сард Хөвсгөл аймаг Цагаан уул сум, Тосонгийн өвөрөөс цуглуулсан гербарийн цуглуулгыг МУИС-ийн Гербарийн санд авчирч өгч байсан аж. Түүний цуглуулга дотор байсан, тодорхойлоогүй Ортуузын зүйлийг 2024 онд ургамал судлаач, магистр Д. Мөнхтулга, доктор Ш. Баасанмөнх нар тодорхойлж, дэлхийн ургамлын аймагт шинэ зүйл бүртгүүлсэн байна.
Ийнхүү шинээр нээсэн зүйлийн нэрийг Хөвсгөлийн ургамал судлаач, доктор Жамсрангийн Оюунмаагийн нэрээр “Оюунмаагийн Ортууз” гэж нэрлэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.