“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

П.Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгаас иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний өвчнийг эрт илрүүлэх зорилгоор “Хараа хамгаалах 7 хоног” аяныг зохион байгуулж байна.



Дэлхийн хараа хамгаалах өдрийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Ингэхдээ харааны бэрхшээл, тэвчиж болох сохрол болон сул харааны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж. Тэгвэл энэ жилийн хувьд “Нүдээ хайрлая” гэсэн уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд хүн бүр тогтмол нүдний үзлэгт хамрагдах, урьдчилан сэргийлэх боломжтой харааны өвчлөлийг эрт илрүүлэхийн ач холбогдлыг сурталчлах зорилготой юм байна.



Аян энэ сарын 5-12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдэд нүдний эрүүл мэнд, хараа хамгаалах зөв дадал болон нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх талаарх мэдээлэл, зөвлөгөө хүргэх юм. Мөн иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн зөвлөгөөг энэ сарын 6, 8-нд 14:00-16:00 цагийн хооронд эмнэлгийн 242, 244 дүгээр кабинетаар үнэ төлбөргүй зохион байгуулна. Энэ үеэр иргэд нүдний эрүүл мэндээ шалгуулж, харааны өөрчлөлт, нүдний өвчний эрсдэлийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой аж.


Аяны хүрээнд глаукомын өвчний талаарх мэдээлэл өгөх, нүдний даралт хэмжих, нейроофтальмологийн чиглэлээр сургалт, мэдээлэл зохион байгуулахаас гадна нүд хуурайшилт, глаукомын эрсдэлийн үнэлгээ хийх, хараа шалгах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.




Мөн нүдний оношилгоо, эмчилгээнд ашиглаж буй орчин үеийн тоног төхөөрөмж, технологийг иргэдэд танилцуулах юм. Иймд иргэдийг нүдний эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн зөвлөгөөнд үнэ төлбөргүй хамрагдахыг зохион байгуулагчид уриалж байна.

Холбоотой сэдвүүд

нүд нүдний үзлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.