Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Л.Наранбаатарыг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.

Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ зөрчүүлсэн тэрбээр шүүхэд хандсан ч гурван удаа хойшилсон юм.

Тэгвэл өнөөдөр өглөө Дээд шүүх дээр түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдсэн шүүх хурал боллоо. Дээд шүүхээс эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг УИХ-ын 22 дугаар тойрог дээр нэр дэвшигчээр бүртгэх албан ёсны шийдвэр гарсан байна. 

Энэ талаар Л.Наранбаатар “Өнөөдөр Дээд шүүх зөв шийдвэр гаргаж Монгол Улсад шүүх байгааг харууллаа. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж, шударга үнэнийг хүсэж гарын үсэг зурсан 74 мянга гаруй хүнд баярлалаа гэж хэлье” гэв. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар СЕХ албан ёсоор түүнийг нэр дэвшигчээр бүртгэх үүрэг хүлээх юм.

Л.Наранбаатарын өмгөөлөгч Ш.Алтангадас: "Бидний нэхэмжлэлийн шаардлага бол нэг нам эвслээс нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгож нөгөө нам эвсэл дээр бүртгэж өгөхийг даалгах байсан. Ингээд Монгол Улсын дээд шүүх нэхэмжлэлиийн дээд шаардлагыг хангаж, даалгаж албан ёсны шийдвэр гаргалаа. СЕХ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг харах л үлдлээ. Энэ шийдвэр нь өөрөө албан ёсных учраас СЕХ үүнийг биелүүлэх үүрэгтэй. Өнөөдөртөө багтаж Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж, саналын хуудастаа түүний нэрийг оруулах ёстой. 


Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй тул сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохгүй. Энэ бол зөвхөн шүүхийн шийдвэр учраас энэ талаар мэдээлэх нь сонгуулийн далд сурталчилгаа хийсэн гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй. Харин СЕХ Л.Наранбаатарыг албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэсний дараа түүний талаар мэдээлэх нь хууль зөрчсөн болно
." гэв.