Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий "Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн хашаанд хууль бусаар газар олгосон байдлыг авч үзсэн. Үүнд тухайн газраа авснаасаа хойш ашиглаагүй, газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бол 24 байршлыг эхний ээлжид илрүүлсэн. Тус 24 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийн холбогдох хэсгийг энэ сарын 5-ны А902 захирамжаар хүчингүй болгосон" гэв.

Мөн тэрээр "Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хашаанаас хасаж газар олгосон байдалд судалгаа хийсэн. Нийслэлийн хэмжээнд сургууль 105, цэцэрлэг 154, эмнэлэг 44 буюу нийт 303 байгууллагын газар эзэмшилтэд ямар нэгэн хэлбэрээр газар олголт хийсэн эсэхийг судалсан. Эдгээрийн 45 байгууллагын газраас 2.9 га газрыг хасаж, иргэн, ААН олгосон хууль бус үйлдэл өнгөрсөн жил гарсан байна. Дээрх үйлдэл нь Газрын тухай хуулийн 35.2-т төрийн байгууллага газраа бусдад эзэмшүүлэх, шилжүүлэх ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг зөрчсөн.

Эдгээрийг хүчингүй болгох ажлыг бид хийж байна" хэмээн мэдээллээ.