Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд ажил хаялт зарлаад 8 дахь хоногтоо ирээд байна. Энэ хугацаанд ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсээр байна. Тэд энэ даваа гарагт тэмцэлээ суултын хэлбэрээр илэрхийлж, буцаж ухрахгүй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Боловсролын сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийжээ. 

Сайн байцгаана уу?
Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай, цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байнаа.
Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Гэвч ухарч, шантарч, гомдоллох эрх надад байхгүй.
Сайн багшийн гараас олон сайн шавь гарч, эх орондоо ихийг бүтээх иргэдийг олноор төлөвшүүлэх нь манай Боловсролын салбарын эрхэм зорилго. Энэ зорилгын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болно.
Дангаараа миний бие цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.