Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо

Х.Оргил
12 сарын 13, 2019

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Монгол Улсын нэгдэн орсон далай ашиглахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийн дагуу Олон улсын далайн байгууллагаас Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад аудитын шалгалт хийхэд олон улсын гэрээ, конвенцид заасан шаардпага, хяналтын дүрэм, журмыг биелүүлээгүй гэж гарчээ

Далайн тээврийн салбар хөгжиж буй Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлага бий болжээ.

Хууль санаачлагч нь олон улсын дүрмийн тухай конвенциудад заасан шаардлагыг хангуулах, үзлэг, оношлогоонд хамруулах, гэрчилгээ олгох, далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, даатгал, далайн боомт ашиглалттай холбоотойгоос гадна хөлөг онгоц далайг бохирдуулсан, хөлөг онгоцны бүртгэл, техникийн хяналтын үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн, далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон олон улсын гэрээ, конвенцийн шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагатай холбогдсон зохицуулалтыг хуульд шинээр тусгах, холбогдох бусад хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төслийн талаар тодорхой санал гаргаагүй байна. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-оргил, Ж.Энхбаяр нар асуулт асууж, Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой сэдвүүд

далай хууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.