Тогтохбаярын Ариунзаяа
09 сарын 05, 2024
“Парис-2024” загварын долоо хоног энэ сарын 23-ны өдрөөс эхлэх билээ. Тэгвэл энэ жилийн Парисын загварын долоо хоногт монгол дизайнер Б.Батсүх эсгий болон ус ашиглан гар аргаар урладаг “Bajuna” брэндийн бүтээлүүдээрээ оролцохоор сонгогджээ.
Хувцас дизайны салбарын “томчууд” цуглан ирэх жилийн тренд, чиг хандлагыг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд монгол дизайнерууд 2017 оноос хойш оролцож ирсэн юм. Харин энэ жилийн хувьд “Bajuna” брэндийн загварууд эсгий ашиглан урласан дахин давтагдашгүй бүтээл гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж буй.
Зураг | Тайлбар |
О.Булган: "Bajuna" брэнд дэлхийн загварын салбарт тавигддаг стандартуудад бүрэн нийцэж байгаа
Энэ талаар “Фашунед” загварын зөвлөх агентлагийн үүсгэн байгуулагч, дизайнер О.Булган “Эсгий урлал нь дахин давтагдашгүй байдлаар хийгддэг. Тийм ч учраас дэлхийн загварын салбарт тавигддаг цор ганц байх, үнэтэй байх зэрэг стандартуудад бүрэн нийцэж байгаа юм. Түүнчлэн дизайнер Б.Батсүхийн урлалууд ямар ч оёдолгүй, эсгүүргүй бүтдэгээрээ онцлог байгаад зогсохгүй Монгол өв уламжлал, үнэт зүйлийг хангалттай шингээж чадсан. Тийм учраас Эсгий туургатан гэгддэг Монгол соёлыг дэлхийд сурталчлах боломжтой гэж харж байна” гэлээ.
Б.Батсүх: "Парисын загварын долоо хоног бол өөрийн бүтээлүүдийн онцлогийг таниулах боломж”
Харин дизайнер Б.Батсүх “Эсгий урлалыг зөвхөн ноос ус ашиглан туурвидаг. Мөн материал, хийц, хөдөлмөрийн хугацаанаасаа хамаараад үнэтэй зарагддаг. Үүнийг Монголчууд ойлгодоггүй учраас хийсэн хувцсаа зарж чадахгүй уналтад орж ч байлаа.
Олон улсын загварын салбарт гар урлалууд маш өндрөөр үнэлэгддэг. Тиймээс гадны загварын шоунд оролцох санал ирнэ. Тэр бүрд оролцож чаддаггүй байлаа. Энэ удаа Парисын загварын долоо хоногт оролцох болсон нь Монгол эсгий урлал, Монгол өв уламжлалыг дэлхийд сурталчлах боломж гэж харж байна" хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.