Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү манай улсад шинэ тохиолдол бүртгэгдээгүй, өчигдөр нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсаныг мэдэгдсэн.

Мөн тэрээр "Хамгийн гол нь иргэд одоо анхаарлаа сулруулж болохгүй. Дулаарсан учир маск зүүхэд хүндрэлтэй байна гэдэг шалтгаанаар маск зүүхгүй байгаа нь том алдаа. Мөн дулаараад хүмүүс бээлий өмсөхөө болиж байна. Хятадууд цайвар өнгөтэй нимгэн бээлий өмссөнөөр эрсдэлээс маш сайн хамгаалсан гэдгээ зарласан. 

Хүний гар сайн, муу олон зүйлд шууд хүрдэг. Бидний байнга хүрдэг автобусны, шатны, хаалганы бариул зэрэг нь бүгд зэвэрдэггүй гангаар хийгддэг. Тэрэн дээр коронавирус хамгийн удаан тэсвэртэй амьдрах чадвартайг дэлхийн эрдэмтэд мэдээлж буй. Иймд урин сайхан цаг ирсэн ч бээлийг заавал өмсч, маскаа зүүж, гараа сайн угаах шаардлагатай хэвээр байна. Ингэснээр хүндрэлтэй энэ үеийг бид эрсдэлгүй даван гарч чадна" гэдгийг санууллаа.