Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа.

-Таны үгээр бүтсэн "Монголын нууц товчоо мину" дууг Г.Ариунбаатар дуучин ёстой л огштол сайхан дуулж буйг сонслоо. Энэ дуу хэрхэн бүтсэн талаар яриагаа эхлэх үү?

-Эрдэмтэн доктор Б.Батсайхан дүү минь “Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулж нэг сайхан дууны үг бичээч” гэж надаас хүссэн юм. 

Би "Бөртэ", "Есүхэй" зэрэг хөгжимт драм, дуурийн цомнол бичихдээ Монголын нууц товчоог хэд хэдэн удаа уншсан болохоор сэтгэлд маш их нийцсэн. Их том итгэл гэж хүлээн авч сайн үг бичих гэж овоо ч хичээсэн дээ. 

Хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу цараатай, аялгуу сайтай сайхан ая хийж дэлхийн том дуучин Г.Ариунбаатар ч сайхан дуулсан. 

Би монгол хүн бүр бага залуугаасаа эхлэн Монголын нууц товчоогоо сайтар уншиж, их ухаарал авч байгаасай гэж боддог хүн.  Доктор Б.Батсайхан энэ талаар санаачилга гаргаж хүүхэд багачуул уншихад дөхөмтэй, ойлгомжтой, сонирхолтой болгон орчин цагийн уран зургийн хэллэгтэй зураг чимэглэлтэй ном болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулж буйд маш их талархаж байгаа. 

Энэ чухал санаачилгыг дээр доргүй дэмжээсэй.


-Таныг яруу найрагч гэдгээр нь хүмүүс мэддэг ч багшаа гэж хүндэлдэг олон шавь байх юм билээ. Монгол улсад орчин үеийн боловсролын салбар үүсээд 100 жил болжээ. Та боловсролын салбарт хийж явсан онцлог ажлаасаа хуваалцана уу?

-Би 1975 онд МУИС төгсөөд л Эрдэнэтийн сургууль боловсролын байгууллагад багш, хичээлийн эрхлэгч, захирал, дараа нь хэвлэл мэдээлэл, уул уурхай, соёл урлагийн салбарт нийтдээ 37 жил ажилласан. 

Сурагчдын сэтгэхүйг хөгжүүлэх, багш нарын бүтээлч үйл ажиллагааг дэмжих талаар их анхаардаг байлаа. Эрдэнэтийн 1-р дунд сургуулийн захирлаар 1983-1987 онд ажиллаж байхдаа ахлах ангийн сурагчдад ерөнхий боловсролын хамт мэргэжил олгох сургалт явуулж улсын хэмжээнд нэвтрүүлэх тэргүүн туршлага болж байлаа. 

Ахлах ангийн сурагчид нэг өдөр Эрдэнэт үйлдвэр, Хивсний үйлдвэр, Хүнсний үйлдвэр, барилга, үйлчилгээний салбаруудад төрөл бүрийн ажилчны мэргэжил олгох сургалтад хамрагдаж төгсөхдөө гагнуурчин, засварчин, баяжуулагч, слесарь, барилгын засал чимэглэлчин, талхчин, опертор, оёдолчин, үсчин зэрэг мэргэжлийн 3-4 зэргийн үнэмлэх өвөртөлж нэлээд нь тэр мэргэжлээрээ үйлдвэр үйлчилгээний газар ажилд орж байсан. 

Тухайн үедээ үйлдвэр, үйлчилгээний газруудыг мэргэжилтэй ажилчдаар хангахад ач тусаа өгсөн гэж боддог.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсантай хамт

-Зохиолчид голдуу уран зохиолын нэг төрлөөр дагнадаг. Та яруу найргаас гадна жүжгийн зохиол, хүүхдийн зохиол аль алийг нь бичдэг. Аль нэг төрлөөр нь дагнавал илүү амжилт гаргах биш үү?

-Тийм байж мэдэх юм.

Өчүүхэн миний "Навчсын дуулал" ном Улсын ном эрдэнэсийн санд хадгалах 2006 оны шилдэг бүтээлээр, "Зохист гүн" ном минь 2019 оны шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналыг яруу найргийн төрөлд хүртсэн. 

Жүжгийн зохиолын хувьд "Бөртэ" хөгжимт драм минь "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооноос "Хамгийн хамгийн" шилдэг бүтээл өргөмжлөл, "Тэнгэрийн гэрээс" фольк дуурь минь /Б.Цэрэндондовын хөгжим/ "Сонгодог бүтээл-2012" улсын уралдааны тэргүүн байр эзэлж байв. 

"Бөлбөөхийн аялал" ном минь Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын 4- р уралдааны шилдэг бүтээлээр, "Гүг гүү" /У.Мөнхжаргалын ая/ дуу минь хүүхдийн дууны "Алтан зул-2016" улсын уралдааны тэргүүн байр эзэлсэн гээд бодохоор аль аль төрлөөр нь бичих урам зориг дүүрэн явдаг даа. 


-Одоогоор та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлийн хоёр  жил бичсэн сонетуудаараа дагнасан "Алс дэргэд" шүлгийн номоо хэвлүүллээ. 

Энэ ялдамд энэхүү номыг минь хувиасаа ивээн тэтгэж хэвлүүлж өгсөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутад баярлаж сууна. 

Орхон аймгийн Засаг дарга байхдаа намайг тоож боловсрол, соёлын орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулж байсан юм. Тэр үедээ  нэг номыг чинь хэвлүүлж өгье гэдэг байсан юм. Хүний сайхан сэтгэлийг бодоод сайн ном бүтээе гэж хичээсээр энэ онд гүйцээж хэвлүүлсэндээ баяртай байна. 

17,5 хэвлэлийн хуудас  ном л доо. 

Сонет, бүл сонет, сонетийн хэлхээ, эрхин сонетуудаас ингэж дагнан бүтсэн ном одоогоор монголын яруу найрагт гараагүй тул, шинэлэг ном болсон. Батлутынхаа итгэлийг алдаагүй болов уу.