Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “COVID-19 ERSDEL” системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо. 

Манай улсад ойролцоогоор 1 сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. 

Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилд томоохон тус нэмэр болох бөгөөд халдварын тархалт эрс буурах боломж бүрдэх юм.


 COVID-19 ERSDEL системийг хэрхэн ашиглах вэ?

Таны гар утас android үйлдлийн системтэй бол та гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгана. 

Харин iOS үйлдлийн системтэй бол та утасныхаа Settings рүү ороод Exposure Notification-ийг идэвхжүүлээрэй. Ингэхдээ iOS үйлдлийн систем 12.5 эсвэл 13.7  хувилбар эсвэл түүнээс хойших хувилбар дээр Settings тохиргоо хийх боломжтой. Мөн та энэхүү системийг Монгол хэл дээр ашиглах бол гар утасныхаа системийн хэлийг МОНГОЛ болгон солих юм.

Хэрвээ таны коронавируст халдварын PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал Улсын Онцгой комиссоос баталгаажуулах линк гар утсанд тань ирнэ. Баталгаажуулах линк дээр дарж, өөрийн мэдээллээ нууцлан халдвар авсан тухайгаа ойрын хавьтлууддаа мэдэгдээрэй.

Ингэснээр тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүст хавьтал болсон талаарх мэдэгдэл ирнэ.  Хавьтал болсон иргэд гар утсанд нь ирсэн линк дээр дарж, асуумж бөглөн, өөрийгөө тусгаарлах эсвэл шинжилгээ өгөх эсэхээ шийднэ үү.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс та Bluetooth-ээ байнга асаалттай байлгах шаардлагатай. Энэ үед таны байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй мөн цааш дамжуулахгүй.