COP17 Үндэсний хорооны Ажлын албаны даргаар Д.Батмөнхийг томиллоо

COP17 Үндэсний хорооны Ажлын албаны даргаар Д.Батмөнхийг томилжээ. 

Тодруулбал, БОУАӨ-ийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын өгсөн чиглэлийн дагуу СОР17 Үндэсний хорооны VIII хуралдаан өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр Төрийн ордонд болсон байна.

Хуралдаанаар ажлын албаны даргыг томилсон шийдвэрийг танилцуулснаас гадна бусад дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, COP17 хурал зохион байгуулах ажлын явцыг СОР17 Ажлын албаны дарга Д.Батмөнх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын байр, байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчтэй хэлэлцээ хийх ажлын хэсгийн ажлын тайланг “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга, Үндэсний хорооны хуралд танилцуулах “Бэлчээрийн шүхэр санаачилга”–ын талаар “Риогийн 3 конвенцын уялдааг хангах, СОР хурлуудад төр, засгийн төлөөллийг өндөр түвшинд оролцуулж, үзэсгэлэн зохион байгуулах, хөрөнгө оруулалт босгох хэлтэс”-ийн дарга Д.Ариунтуяа нар тус тус танилцуулсан ажээ.

Үүний дараа танилцуулсан асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд СОР17 Үндэсний хорооны Ажлын алба байрлах байр, төсөв санхүү, зочдыг хүлээн авах байр буудал зэрэг асуудлаар хариуцсан хүмүүсээс нэмэлт мэдээлэл авч, зарим асуудлыг эргэн ярилцаж шийдвэрлэхээр тогтсон байна.  

Цаашид Үндэсний хороог 14 хоног тутам хуралдуулж байх асуудлыг гишүүдийн олонх дэмжжээ.

Холбоотой сэдвүүд

cop17 боуаөя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.