Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 22, 2026
Монголчууд олон зуун жилийн турш байгальтайгаа шүтэлцээтэйгээр малаа адгуулж ирсэн ард түмэн.
Уур амьсгалын өөрчлөлт, ган зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол эрчимжиж буй өнөө үед энэ мэдлэгийг сэргээх шаардлага тулгараад байгаа билээ.
Эко системд ээлтэй гэгдэж буй энэхүү мэдлэгийг нэгтгэсэн “Монголын бэлчээрийн мал аж ахуй – Байгальд ээлтэй уламжлалт мэдлэг” бүтээлийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр танилцууллаа.
Бүтээлийн зохиогчоор доктор, дэд профессор М.Энхбаатар, доктор, дэд профессор Т.Сайполда, профессор С.Цэрэндаш, доктор Ж.Гантуяа, Д.Ганзориг нар ажиллажээ.
Номын нээлтэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионел Лоран хүрэлцэн ирж үг хэлсэн юм. Тэрбээр "Энэ бол бэлчээрийн МАА-н уламжлалт мэдлэгийг өвлүүлэн уламжлах төдий тухай бус биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг бэхжүүлэх, ТХ-ийг хангахад чиглэсэн маш чухал мэдлэг юм" хэмээн онцлон хэлэв.

Нүүх нь бэлчээрээ хамгаалах уламжлалт арга юм
Монгол малчид бэлчээрийн ургамлын гарц, газрын байршил, байгалийн онцлог зэргийг харгалзан улирлаар нутаг сэлгэж ирсэн уламжлалтай.
Улирал дотроо ч буурь, бэлчээрээ сэлгэх нь малдаа ч ээлтэй, идээшүүлсэн газраа газартаа дахин ургах хугацаа өгч, бэлчээрээ нөхөн сэргээх арга ухаан байсныг бүтээлд онцолжээ.
Энэ бол эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглахгүй байх уламжлалт менежмент байжээ.
Ус хаана байгааг ургамлаар нь шинждэг
Монголчуудын уламжлалт мэдлэгийн бас нэг сонирхолтой хэсэг нь усны нөөцийг таньж, ашиглаж, хамгаалж ирсэн арга ухаан юм.
Малчид олон жилийн ажиглалтаараа худаг гаргах газрыг газрын гадарга болон ургамлын шинжээр тогтоодог байжээ.Тухайлбал бургас, улиас, зэгс, цахилдаг зэрэг ургасан газарт усны судал ойр байдаг аж.
Мөн малын тооноос гадна сүргийн бүтцээ зохицуулдаг байжээ
Бэлчээрээ зохистой ашиглахад зөвхөн нүүдэл бус, ямар төрлийн малыг ямар харьцаатай өсгөх нь ч чухал байсныг бүтээлд дурдсан байна.
Тухайлбал, хонь, ямааны харьцааг 3:1 байлгах уламжлал байсныг тэмдэглэжээ.
Мөн зэрлэг амьтан, шувуу, загас жараахайг хамаагүй устгахыг цээрлэдэг уламжлал нь өнөөгийн ойлголтоор биологийн олон янз байдлыг хамгаалахтай шууд холбогдож буйг уг бүтээлд онцолжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.