COP17: Говийн шар шороон шуурга Японд хүрч, өвөл хүртэл тоосжилт үүсгэжээ

6НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд болсон Элсэн, шороон шуурганы ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Японы Кюшю их сургуулийн профессор, доктор Кэй Ямимото шар шороон шуурганы тархалт, Японд үзүүлж буй нөлөөллийн талаарх судалгаагаа танилцууллаа.

Түүний судалгаанаас харахад шар шороон шуурга хил дамнасан байгаль орчны асуудал болж байгаа аж.

Судалгааны хамгийн сонирхолтой жишээ нь 2022 оны арванхоёрдугаар сард болсон шар шороон шуурга байв.

2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны Himawari хиймэл дагуулын зурагт говийн бүсээс үүссэн шороо зүүн тийш тархаж, Хятад, Солонгосын хойгийг дамжин Япон хүртэл шилжсэн нь ажиглагджээ.

Учир нь Японд 12 дугаар сард шар шороон шуурга ажиглагдсан байна.

Шар шороон шуургыг ихэвчлэн хаврын үзэгдэл гэж ойлгодог. Харин өвлийн улиралд ийм хэмжээний тоос Японд хүртэл хүрчээ.

Яагаад зарим жил шар шороо эрс нэмэгдэж, зарим жил буурдаг вэ?

Профессор Кэй Ямимотогийн танилцуулсан судалгаагаар говийн бүсээс үүсэх шар шороон шуурганы хэлбэлзэл нь өвлийн Арктикийн хэлбэлзэл буюу Arctic Oscillation (AO)-той хүчтэй хамааралтай байж болохыг тогтоожээ.

Дулаарах тусам хаврын шар шороо нэмэгдэх үү?

Судалгааны анхаарал татах өөр нэг хэсэг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Дулаарал үргэлжлэхийн хэрээр шар шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа аж. Ялангуяа 3-4 дүгээр сарын давтамж нэмэгдэх эрсдэлтэй байгааг судлаач онцолсон байна.

Говийн шар шороон шуурга Хятад, Солонгосын хойгийг дамжин Япон хүрсэн 2022 оны тохиолдол үүний тод жишээ болж байна.

Шар шороон шуурга бол нэг улсын асуудал биш

Монгол Улсын цөлжилт, газрын доройтол зөвхөн хэдэн га газар доройтсон тухай статистик төдий зүйл биш юм. Энэхүү өөрчлөлт нь бүс нутгийн хэмжээнд нөлөөлөх боломжтойг Японы судлаачийн ажиглалт харуулж байна.

Иймээс шар шороон шуургыг бууруулах асуудал нь нэг улсын хил дотор шийдэх асуудал бус, газрын доройтол, уур амьсгал, агаар мандлын судалгаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг зэрэг авч үзэх шаардлагатай асуудал болж байна.


Холбоотой сэдвүүд

cop17 шар шороон шуурга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.