Л.Дэлгэрмаа
08 сарын 20, 2026
Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форумын хоёр дахь өдөр ногоон шилжилтийн урт хугацааны эх үүсвэр, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон байгаль хамгааллын шинэ санхүүгийн механизмуудад төвлөрч байна Улаанбаатар хот – НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, Монгол Улсын ногоон шилжилт болон байгаль хамгааллын зорилтыг урт хугацаанд санхүүжүүлэх механизмд төвлөрч байна.
Харин өнөөдрийн гол үйл явдал нь
● Тогтвортой хөгжлийн зорилгын санхүүжилтийн Таксономи 2.0-ийг танилцуулсан;
● урт хугацааны, хөнгөлөлттэй ногоон эх үүсвэрийг дотоодын санхүүгийн зах зээлд нийлүүлэх Монголын Ногоон Санхүүгийн Корпорацын албан ёсны нээлт байв.
● Өглөөний хэлэлцүүлгээр мөн 15 жилийн хугацаанд хэрэгжих “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын санхүүжилтийн загвар болон урт хугацааны байгаль хамгааллын түншлэлийн олон улсын туршлагыг хэлэлцлээ. Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, Голомт банк, Монголын Байгалийн Өв Сан, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц болон Дэлхийн банкны групп хамтран зохион байгуулж байна.
ТХЗ-уудын Санхүүжилтын Таксономи 2.0: Тогтвортой хөрөнгө оруулалтыг нэг шалгуураар тодорхойлно.
Форумын үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацийн оролцоотойгоор Тогтвортой хөгжлийн зорилгын санхүүжилтийн Таксономи 2.0-ийг танилцууллаа.
Таксономи нь ямар төсөл, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна гэж үзэх, түүний үр нөлөөг хэрхэн хэмжих, нотлох болон тайлагнахыг тодорхойлдог ангиллын систем юм. Ингэснээр банк, хөрөнгө оруулагч, зохицуулагч, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд ижил шалгуур ашиглаж, “ногоон” эсвэл “тогтвортой” гэсэн нэршлийг үндэслэлгүй хэрэглэх эрсдэлийг бууруулна. Мөн ямар хэмжээний санхүүжилтийг хөгжлийн аль зорилгод чиглүүлсэн, бодит үр дүн нь юу байсныг харьцуулах боломж бүрдэнэ.
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, Азийн хөгжлийн банк болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ХААН Банк, Голомт банктай хамтран таксономийг бодит зээлийн багц дээр туршиж, хэрэгжилтийн хүндрэл, дата, нотолгоо болон тайлагналын шаардлагыг тодорхойлсон. Энэхүү туршилтын үр дүнд үндэслэн шинэчилсэн Таксономи 2.0 нь 12 үндсэн ангиллыг хамарч байна.
Дараагийн шатанд таксономийн шалгуурыг банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл, тогтвортой бонд болон төсвийн хөрөнгө оруулалтын тайлагналд үе шаттай нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Монголын Ногоон Санхүүгийн Корпорац урт хугацааны ногоон эх үүсвэр нийлүүлнэ Уур амьсгалын ногоон сан, ХасБанк, Зээлийн батлан даалтын сан, Монгол Улсын Хөгжлийн банк болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн оролцоотойгоор Монголын Ногоон Санхүүгийн Корпорацын нээлтийн ёслол боллоо.
МНСК нь иргэдэд шууд нэг удаагийн зээл олгох арилжааны банк бус, эхний шатанд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны бөөний эх үүсвэр нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм.
Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд:
● гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт;
● хүртээмжтэй ногоон орон сууц;
● аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үр ашиг;
● бага нүүрстөрөгчийн технологи;
● бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэнэ. МНСК-ийн батлагдсан суурь санхүүжилтийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас 26.654 сая ам.доллар, Монголын талын хамтарсан санхүүжилтээр 23 сая ам.доллар, нийт 49.654 сая ам.долларын багц төлөвлөгдсөн. Уур амьсгалын ногоон сангийн FP153 төслийн мэдээлэл Корпорац нь санхүүжүүлэх төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан үнэлэх, санхүүжилтийн ашиглалтыг хянах, эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал болон нийгмийн бодит үр нөлөөг тайлагнах тогтолцоотой ажиллана.
“Өнө мөнхийн Монгол”: Байгаль хамгааллыг 15 жилийн төлөвлөгөөгөөр санхүүжүүлнэ Өглөөний дараагийн хэлэлцүүлэг 2024 онд эхэлсэн “Өнө мөнхийн Монгол” санаачилга болон Project Finance for Permanence буюу байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн загварт төвлөрөв.
Энэ загвар нь хамгаалах газар нутаг, хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн бодлогын амлалт, санхүүжилтийн эх үүсвэр, засаглал, хяналт-шинжилгээ болон орон нутгийн иргэдийн оролцоог нэг урт хугацааны төлөвлөгөөнд холбодог.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрөөр 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт дайчлахаар төлөвлөсөн бөгөөд үүнд хувийн болон олон улсын донорын эх үүсвэрээс бүрдэх 71 сая ам.долларын шилжилтийн сан багтдаг.
Хөтөлбөр нь:
● 14.4 сая га газар, усны экосистемийг шинээр хамгаалалтад авах;
● 47 сая га талбайг хамарсан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах;
● хамгаалалттай газрын гаднах 34 сая га талбайд орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй байгалийн нөөцийн менежментийг дэмжих зорилготой.
Донорын хөрөнгийг хараат бус байгаль хамгааллын итгэлцлийн сан болох Монголын Байгалийн Өв Сан удирдах бөгөөд улсын төсвийн хөрөнгө төрийн санхүүгийн тогтолцоогоор дамжин хэрэгжинэ. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн мэдээлэл
Өнөөдрийн хэлэлцүүлгээр урт хугацааны санхүүжилт бүрдүүлэх, төсөл дууссаны дараа хамгааллын үр дүнг хадгалах, орон нутгийн иргэдийн эрх, оролцоог хангах, хамгаалалттай газрын тогтвортой орлогын эх үүсвэрийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Үдээс хойш: Төсвийн шинэчлэл ба байгалийн зах зээл Форумын үдээс хойших хэсгээр байгаль орчны салбарын үр дүнд суурилсан төрийн санхүүжилт, биологийн олон янз байдлын кредит, нөхөн дүйцүүлэлт болон хувийн хэвшлийн хөрөнгийг байгаль хамгаалалд татах зах зээлийн механизмыг хэлэлцэнэ.
Үр дүнд суурилсан төсөв нь зөвхөн хэдэн төгрөг зарцуулсныг бус хэдэн га газар хамгаалж, нөхөн сэргээсэн, усны хэрэглээ болон бохирдлыг хэр хэмжээгээр бууруулсан, орон нутгийн иргэдэд ямар үр өгөөж бий болсон, хамгааллын үр дүн хэр удаан хадгалагдахыг хэмжихэд чиглэнэ. Мөн биологийн олон янз байдлын кредит болон нөхөн дүйцүүлэлтийг хооронд нь ялгаж, байгалийн суурь төлөв, нэмэлт үр дүн, урт хугацааны хамгаалалт, хараат бус баталгаажуулалт, ил тод бүртгэл, орон нутгийн иргэдийн эрх болон орлогын шударга хуваарилалтыг хэрхэн хангах талаар хэлэлцэнэ.
Нөхөн дүйцүүлэлт нь төсөл хэрэгжүүлэгч эхлээд байгальд учрах нөлөөллөөс зайлсхийж, үлдсэн нөлөөллийг бууруулж, эвдэрсэн орчныг нөхөн сэргээсний дараа зайлшгүй үлдсэн сөрөг нөлөөг нөхөх хамгийн сүүлийн шатны арга хэмжээ юм. Харин биологийн олон янз байдлын кредит нь хамгаалсан, сэргээсэн эсвэл сайжруулсан байгалийн хэмжигдэхүйц эерэг үр дүнг илэрхийлэх боломжтой нэмэлт санхүүжилтийн хэрэгсэл юм.
“Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-ын хүрээнд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар “Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг сайжруулахад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн үндсэн зорилго нь биологийн олон янз байдлыг хамгаалах, дүйцүүлэн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль хамгааллын урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлэхэд оршино. Хамтын ажиллагаа нь 4 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд дараах үндсэн чиглэлүүдэд төвлөрнө:
• Бодлого, эрх зүйн орчныг сайжруулах: Дүйцүүлэн хамгааллын үндэсний тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнд суурилсан, ил тод болгон бэхжүүлэхийн зэрэгцээ “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн үйл ажиллагаанд нийцсэн дүйцүүлэн хамгаалах бодлого, дотоод стандартыг бий болгоно.
• Жишиг төсөл хэрэгжүүлэх: Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний орчны бүсэд уул уурхайн сөрөг нөлөөллийг нөхөн тооцох дүйцүүлэн хамгааллын жишиг төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.
• Үр дүнд суурилсан үнэлгээ, чадавх бэхжүүлэх: Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг зарцуулсан хөрөнгөөр бус, биологийн олон янз байдалд гарсан бодит, хэмжигдэхүйц үр дүнгээр үнэлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. Түүнчлэн уул уурхайн салбарын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор талуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлнэ.
• Тогтвортой санхүүжилт: Дүйцүүлэн хамгааллын урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэхэд дотоод, гадаадын түншүүдтэй хамтран ажиллаж, хамтарсан санхүүжилтийн механизм хөгжүүлнэ. Энэхүү гурван талт түншлэл нь Монгол Улсын "Алсын хараа-2050", "Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)" болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай нягт уялдан хэрэгжих юм.
Форумын эхний өдөр болон өнөөдрийн хэлэлцүүлгээс харахад газар, ус, байгальд чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэг сан, нэг бонд эсвэл нэг байгууллагын оролцоо хангалтгүй. Таксономи юуг санхүүжүүлэхийг тодорхойлж, тогтвортой мал аж ахуйн түншлэл, Цэнхэр бондын хүрээ болон МНСК хөрөнгийг бодит төсөлд хүргэнэ. Урт хугацааны байгаль хамгааллын санхүүжилт, үр дүнд суурилсан төсөв болон өндөр бүрэн бүтэн зах зээлийн хэрэгслүүд тэрхүү хөрөнгө оруулалтын үр дүнг хэмжиж, тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Форумын амжилтыг зарласан санаачилгын тоогоор бус, санхүүжсэн төсөл, хамгаалсан газар, хэмнэсэн ус болон орон нутгийн иргэдэд бий болсон бодит үр өгөөжөөр хэмжинэ.
Форумын тухай “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026” нь 2026 оны 8 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд UNCCD COP17-ийн Цэнхэр бүсийн MET-21 танхимд “Уур амьсгалын эрсдэлийн эрин үед газар, ус, байгальд чиглэх хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.