Монголын эдийн засгийн чуулган энэ сарын 21-22-нд  “Хүчээ нэгтгэе” уриан дор Төрийн ордонд болно. Уг чуулганыг 2010 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайдын ивээл дор болдог уламжлалтай. Өнгөрсөн жил  эдийн засаг улс төрийн нөхцөл байдлаас  шалтгаалан өнжсөн. Харин энэ удаагийн форумыг CEO клубээс зохион байгуулахаар ажиллаж байна. Форумын талаар CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.

-Монголын эдийн засгийн чуулганыг энэ удаа CEO клубээс зохион байгуулж байна. Танай клуб “Эдийн засгийн форум 2018”-ыг яагаад зохион байгуулахаар  болов?


-CEO клуб бол аль нэгэн намын байгууллага биш. Бизнесийн төлөөллийн байгууллага. Би ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Мөн би Монголын эдийн засгийн форумыг санаачилж үүсгэн байгуулсан. Хууль ёсны дагуу Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга нь. Тиймээс тарааж хаясан  ажлаа базаж  зүгшрүүлээд зөв болгоод явъя гэсэн үүднээс бид энэ удаагийн форумыг зохион байгуулж байна.

“Монголын эдийн засгийн форум” бол Хас банк, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Ардтай адилхан миний нэг үр хүүхэд шиг байгууллага. Би үүнийг тодорхой зорилготой байгуулсан. Урт удаан хугацаандаа төр, хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм байгаасай, гудамжинд жагсаал цуглаан хувьсгал ярьдаг биш, танхим дотроо асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрэхийг л хүссэн. Тиймээс 2008 онд Дэлхийн Банк болон бизнесийнхэнтэй нэгдэж “Эдийн засгийн бодлогын форум” нэрээр эл  чуулганыг анх удаа зохион байгуулж байлаа. Уг форумыг хоёр удаа хийгээд сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт шилжүүлж, П.Цагаан дарга форумыг үргэлжлүүлэн авч явсан.  2012 оноос хойш  тамга тэмдэг, данс хэн нэгэнд шилжээгүй. Албан ёсоор баталгаажаагүй учраас  би Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал хэвээр байгаа гэсэн үг.

- Энэ удаагийн форум “Хүчээ нэгтгэе” гэсэн уриа дэвшүүлжээ. Яагаад ийм уриа өгөх болов?


-Энэ бол Засгийн газраас дэвшүүлж буй уриа юм. У.Хүрэлсүх сайд  шинчлэлийн шинж чанартай, нийгмийн том  өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд явж байна. Эдийн засгийн бүтэц нийгмийн харилцааг өөрчлөхийн тулд  хүмүүс дангаараа хийх боломжгүй. “Хүчээ нэгтгэе” гээд хувийн хэвшилтэйгээ хамтраад явах нь зөв шийдэл гэж харж байгаа. Монголчууд бид хангалттай улс төржлөө. Харин одоо  асуудлаа яриад нэг ойлголцолд хүрье” гэсэн санаатай энэ удаагийн форумыг зохион байгуулж байна.

- Эдийн засгийн форумыг санаачилсан хүний хувьд өмнөх  чуулганыг  хэрхэн дүгнэж байна  вэ?

- Чуулганы үр дүнг  тодорхой гэрээ хэлцэл хийгээд, гаргасан шийдвэрээ зарлахдаа биш гэж ойлгодог. Харин  эргэлзэж байгаа асуудлаа ширээний ард суугаад ярилцах боломж л энэ чуулганы онцлог юм. Нийгмийн зөвшилцлийг бий болгож, үнэн зөвийг ялгаад зөв шийдэл гарсны дараа ажил урагшилна. Тиймээс ярьсан асуудлаа ажил хэрэг болгож араас нэхэж явах нь чухал.

- Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

- ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ чуулганы ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. Тиймээс Засгийн газраас гарсан тодорхой шийдвэрүүдийг тус чуулганаар зарлаж, иргэдийн  дунд үүссэн  эргэлзээг тайлах байх гэж хардаг. Мөн чуулганд МҮХАҮТ, CEO клуб хувийн хэвшлийнхэнтэйгээ оролцоно. Улмаар бид энэ удаагийн чуулганыг өөр түвшинд хийхээр ажиллаж байна. Технологийн дэвшлийг ашиглан бүртгэл явуулахаас эхлээд шинэ платформуудыг оруулж ирж байгаа. Форумаар нийт 12 сэдвийг хөндөх бөгөөд анх удаа 21 аймгийн Засаг дарга нар оролцож хувийн хэвшлийнхэнтэй санал солилцоно.  Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэснээр  ийм үр дүнд хүрлээ гэдгийг Монголдоо төдийгүй  дэлхий нийтэд зарлах боломж гарна гэж харж байна. Мөн энэ удаагийн чуулганаар хүний тухай биш хөгжлийн талаар яриа хэлцэл өрнөх юм. Улс төрийг арагш тавьж байгаад бид улсаа, хүнээ яаж хөгжүүлэх тухай бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлэх учиртай. Энэ бол бидэнд олдож байгаа  том боломж. Энэ боломжоо бид ашиглах ёстой бөгөөд хувийн амбиц, явцуу эрх ашиг, улс төрийн зөрчлийг энэ арга хэмжээнд оруулахгүй.

Эх сурвалж: Монцамэ агентлаг