МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ?

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XX их хурал энэ сарын 28-нд болно. 

Хуралдаанаар МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгох юм. Мэдээж хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол танхимын ерөнхийлөгчийн сунгаа. Энэ удаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,  UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар нэр дэвшихээ мэдэгдээд байна. 

Дэлхийн банк бизнес эрхлэх орчныг дүгнэдэг “Doing Business” тайлангаа танилцуулснаар Монгол Улс бизнесийн орчны үзүүлэлтээрээ дэлхийн 190 орноос 74 дүгээр байрт жагссан байна. Энэ нь өмнөх оноос 12 байраар ухарсан үзүүлэлт юм. Үүнд дээр бодлогын өмгөөллийн асуудал дээр дуугараагүй, хэд хэдэн удаа татвар нэмэгдсэн ч хувийн хэвшлийн өмнөөс дуугардаг энэ байгууллага хүчтэй дуу хоолой болж чадаагүй зэрэг нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын суудлыг ганхуулах магадлалтай. 

Тэрбээр албаа авснаас хойш өршөөлийн хууль батлуулсан, НӨАТ-ын асуудлыг шийдсэн гэдэг. Харин татварын болон зөрчлийн хуулиуд дээр хувийн хэвшлийг өмгөөлж жинтэй дуугараагүй, бизнесээ эхэлж буй компаниудаа дэмждэггүй хэмээн зэм хүртэх болсон. Б.Лхагважав МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгч нар юу амлав?

Ч.Ганхуяг: МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болвол цалингүй ажиллаж, МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзана

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал тэрбээр МҮХАҮТ-ийг бизнес хийх орчныг хамгаалах, бизнесийг өмгөөлөх, сурталчлах хуульчлагдсан үүргээ биелүүлээгүй хэмээн эрс шулуухан шүүмжилдэг хүмүүсийн нэг. Тэрбээр хэрэв танхимын ерөнхийлөгчийн сунгаанд ялвал цалингүй ажиллахаас гадна намын гишүүнчлэлээсээ түдгэлзэж, МАН-ын бага хурлын гишүүний ажлаа өгнө, 2020 онд нэрээ дэвшүүлэхгүй гэжээ. Аль нэгэн намын гишүүнчлэлтэй байх нь өөрөө хувийн хэвшлийн дуу хоолой болоход зоригтой дуугарахад саад болох учраас энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өмнө нь хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэх зорилгоор CEO клуб, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагуудыг санаачлан үүсгэн байгуулсан туршлагатай.

Тэрбээр "Хас" банкаар овоглогдон олны танил болсон бөгөөд өнөөдөр "Ард санхүүгийн нэгдэл"-ийг амжилттай удирдаж хэд хэдэн IPO амжилттай гаргаад буй. Төр, хувийн хэвшлийн мэдээллийг нэгтгэх зорилгоор Монголын Эдийн Засгийн форумыг Монголд анхлан санаачилсан нь уламжлал болон зохион байгуулагдаж буй.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Би хувийн хэвшлийн дуу хоолой болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ч.Ганхуяг танхимын гишүүдэд хандан хийх ажлынхаа жагсаалтыг захидал хэлбэрээр илгээсэн. Танхимын ерөнхийлөгчөөр сонгогдвол МҮХАҮТ-ын санхүүд аудитын шалгалт оруулна. Мэдээж зарим хүмүүст таалагдахгүй. Гэхдээ хууль дүрэмтэй улсад эрх ямбыг нь эдэлчихээд хариуцлага үүрэхгүй байж болохгүй. Тийм ч учраас нэр дэвшүүлж байгаа хүмүүст намаасаа татгалзана. Татварын хууль, зөрчлийн тухай хууль гарахад танхим дуугараагүй, бизнес хийж байгаа хүмүүсээ өмгөөлж хамгаалаагүй.Танхим уг нь энэ тал дээр хамгийн  чухал үүрэгтэй газар" гэв.

О.Амартүвшин: МҮХАҮТ-ыг гадны сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин танхимын ерөнхийлөгчийн сунгаанд нэрээ дэвшүүлээд буй. 25 настайдаа үүсгэн байгуулсан UFC компаниараа танигдсан тэрбээр хүнс, хөдөө аж ахуй, барилга, үл хөдлөхийн салбаруудад бизнес эрхэлж ирсэн. Өнгөрсөн сонгуулиар АН-аас Булган аймагт нэр дэвшиж байсан.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирлаас ажилласан бөгөөд ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт, улстөрчдөөс хамааралтай ангуудын зарцуулалт танхим дуугүй сууж таарахгүй хэмээн шүүмжилж ирсэн. Мөн танхим ийм завхрал гаргуулахгүй байхад нөлөөлж, ажиллаж, зөв болгуулж чаддаг хүчтэй байгууллага байх ёстой гэж ярьдаг.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Бизнес мэдрэхгүй, ачааны хүндийг үүрч үзээгүй, улстөрд чанагдсан гэх мэт танхимаас хол хөндий хүн энэ суудалд очвол байдал өнөөдрийнхөөс ч дордох эрсдэлтэй. Миний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байна.Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадны сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө" хэмээн ярьжээ. 







Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.